
Хөгжилтэйгээр танин мэдэхүй буюу суурь боловсролыг олгох арга зүй хөгжсөөр байгаагийн бодит жишээ нь нийслэлийн 84-р сургуулийн Ц.Ундармаа багштай 3-р ангийн “Багштайгаа уншъя” клубын хүүхдүүд юм. Ц.Ундармаа багш Монголын 3 үеийнхний шимтэн унших дуртай, БСШУЯ-ны шилдэг ном, Боловсролын үндэсний хүрээлэнгээр үнэлгээ хийгдсэн, дэлхийн алдарт National Geographic нийгэмлэгийн байгаль хамгаалагч, шинжлэх ухаанч дүрүүд, Монголд 2.7 сая хувь хэвлэгдэж хэвлэмэл бүтээгдэхүүний дээд амжилтыг тогтоосон “Динза”, “Цондоолой Цүндээлэй 2” комик номууд дээр тулгуурлан сургалтын арга зүйг 2 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Англи хэлний сургалтад бага ангидаа явсан ч уншиж ойлгох, өөрийгөө илэрхийлэх чадвар хөгжөөгүй хүүхдүүд маш нээлттэй болжээ. “Динза, Цондоолойгийн анд найзууд” ТББ-аас сурагчдад баяр хүргэн төгсөлтийн баярын бэлгийг гардууллаа.
Хүүхдийг дэлгэцийн хамаарлаас салгаж, номонд дурлуулж, хэл ярианы болон сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг тус хөтөлбөр нь Динза болон Цондоолой Цүндээлэйн комик цуврал номыг судлагдахуун болгон ашигладаг аж. Динза, Цондоолой, Цүндээлэй комик цуврал нь хүүхдүүдийг номонд дурлуулж, төрөл бүрээр сэтгэн бодох чадвараа хөгжүүлэхэд зориулагдсан 20 гаруй жилийн түүхтэй бүтээл юм.
Динза, Цондоолой, Цүндээлэй комик номоор дамжуулан ангиараа номонд дурласан, эрүүлээр хөгжиж, бүтээлчээр суралцаж байгаа хүүхдүүдийн төлөөлөл бол 84-р сургуулийн 3-2 ангийн номын клубын сурагчид юм. Mэд хөтөлбөрт хамрагдсанаар хэрхэн өөрчлөгдсөн тухайгаа ийн ярьж байна.
Н.Уудам: Орой унтахдаа дараагийн цуврал яах бол гэж боддог
Би 13-р цуврал буюу Цондоолой нутагтаа ирсэн нь гэдэг цувралд хамгийн их дуртай. Бүх цувралууд нь сонирхолтой. Төгсгөлдөө яг яах бол гээд их сонирхолтой төгсдөг. Би орой унтахдаа дараа нь яах бол гэж бодоод байдаг. Өвлийнхөө амралтаар би бүх цувралуудыг уншаад дуусгасан. Би өмнө нь утас үзэх дуртай байсан ч одоо бол зөвхөн Динзагийн дууг л сонсох гэж утас хааяа үздэг. Ихэвчлэн би комик номоо уншдаг.

О.Аригун: Цуврал бүр нь сонирхолтой болохоор дуртай
Цондоолой Цүндээлэйгийн цуврал бүр нь өөр өөр үйл явдал гардаг. Тэр нь маш сонирхолтой байдаг болохоор унших дуртай. Бид багштайгаа хамт ангиараа цувралаа уншаад ямар зүйл ойлгосноо бие биедээ ярьж өгдөг.

Ж.Ороза: Комик ном унших хамгийн сонирхолтой
Өнгөрсөн намар хичээл эхлээд удаагүй байхад багш маань хэлсэн. Тэгээд би найзуудтайгаа хамт бүртгүүлээд Динза,Цондоолой, Цүндээлэйгийн цувралуудыг уншиж эхэлсэн. Эхэндээ тийм ч их сонирхоогүй ч одоо бол маш их дуртай. Дараагийн цувралыг хэзээ гарахыг нь хүлээгээд байж байдаг. Би номонд маш их дуртай. Ялангуяа комик ном унших маш дуртай.

Нийслэлийн 84-р сургуулийн “Багштайгаа уншъя” клубын багш Ц.Ундармаа “Манай 84-р сургуулийн 4-4 анги ангиараа буюу 50 орчим хүүхэдтэй өнгөрсөн жил энэ хөтөлбөрт нэгдсэн юм. Энэ жил харин ангиа 3 хуваагаад 10 гаруй орчим хүүхэд болгон цөөлсөн. 50 хүүхэд нэг зэрэг орохоор хүрэлцээ муу, хүүхэд бүртэй тулж ажиллахад хүндрэлтэй байсан юм. Одоогийн 3-р ангийн хүүхдүүд ковидын үед цэцэрлэгт явах боломжгүй байсан учраас нэг сул тал нь нийтлэгээрээ төвлөрч сууж сураагүй байдаг. Ном уншихдаа төвлөрөх, уншсан номоо ярих, зураг гэх мэт чадваруудыг хөгжүүлье гээд аав ээж нь хүүхдүүдээ хөтөлбөрт хамруулсан. Хүүхдүүд орчуулгын ном унших нь учир дутагдалтай гэж би боддог. Улаанбаатрн хүүхдүүд монгол ахуйгаасаа их холдсон байдаг. Хадлан гэж юу вэ, бухал гэж юу вэ гэх жишээтэй. Тиймээс би энэ жил Цондоолой, Цүндээлэйн цуврал номыг хөтөлбөртөө сонгосон юм. Цондоолой, Цүндээлэйн цуврал бол цэвэр хүүхдийн сэтгэл зүйн засал тал дээр чиглэсэн бүтээлүүд. Түүнээс гадна хүүхдүүдэд монгол ахуйн ойлголт, танин мэдэхүйн мэдлэгүүдийг олгодог. Зөвхөн ном уншаад ярих биш бодлогууд зохиож бодно. Өөрсдөө өгүүлбэртэй бодлого зохиож, математик сэтгэлгээгээ хөгжүүлээд явдаг онцлогтой. Хүүхдийнхээ аль чадварыг хөгжүүлмээр байгаа түүнийгээ багштайгаа ярилцаад хөтөлбөрөө боловсруулаад явдаг” хэмээв.

Д.Доржлхагва: Сав л хийвэл утас барьж авдаг байсан хүү маань өглөө босоод комикоо уншаад сууж байдаг болсон
/Номын клубын сурагч О.Төгөлдөрийн аав /
Манай хүүхэд өөрийгөө илэрхийлж ярихдаа жаахан муу, дотогшоогоо хүүхэд байсан юм. Энэ номын клубт ангийнхантайгаа явж эхэлснээс хойш асуудлыг маш олон талаас нь хардаг, түүнийгээ маш цэгцтэй илэрхийлж чаддаг болж өөрчлөгдсөн. Үр дүнг нь үнэхээр өөрийн хүүхэд дээрээ үзсэн учраас энэ хөтөлбөрийг аль болох олон хүн мэдэж, хүүхдүүдээ хамруулаасай гэж бодож байна. Өмнө нь манай хүү нэг их юм ярьдаггүй, утас үзэх дуртай, жаахан уцаарлангуй байдаг байсан. Одоо бол комик номынхоо тухай гэртээ ирээд л ярина. Сав л хийвэл утас барьж авдаг байсан хүүхэд өөрөө өглөө босчихсон комикоо уншаад сууж байх жишээтэй.
















