
Монгол Улсын шигшээ багийн шинэхэн ахлагч, үндэсний дээд лигийн 4 удаагийн шилдэг хаагч П.Энххүслэнтэй ярилцлаа. Тэрбээр шигшээ багтаа 4 дэх жилдээ тоглож, энэ жил багийн ахлагчаар сонгогдоод буй юм.
- Пүрэвсүрэн Энххүслэн
- Төрсөн он сар өдөр- 2001.05.15
- Төрсөн нутаг- Төв аймгийн Батсүмбэр сум
- Өндөр- 180см
- Жин- 64кг
- Хичээллэж буй жил- 7
- Анхны багш- Ууганбаатар, ОУХМ Хэрлэн
- Байрлал- Голын хаагч
- Өмсгөлийн дугаар- #11
- Харьяалагддаг клуб- Улаанбаатар финикс
- Цол зэрэг- Спортын мастер
-Энэ жил шигшээ багаа ахлахаар боллоо. Сэтгэгдэл хэр байна?
-Сэтгэгдэл маш өндөр байгаа. Гэхдээ хариуцлага 2 дахин нэмэгдэж байгаа учраас илүү их хичээх ёстой юм байна гэсэн бодол хамгийн түрүүнд төрсөн.
-Улсынхаа шигшээ багийг ахална гэдэг тамирчин хүний мөрөөдөл гэж хэлж болохоор зүйл болов уу гэж бодож байна. Энэ өдөр хэзээ нэгэн цагт ирнэ гэж бодож, төсөөлж байв уу?
- Шигшээ багийнхаа бэлтгэл дээр байхад гэнэт зарласан. Шигшээ багийн ахлагчаар сонгогдон гэж бодож байгаагүй учраас шоконд орсон.
-Чиний бодлоор багийн ахлагч хүний үүрэг юу вэ?
-Волейбол бол багийн спорт. Шигшээ багт баг бүрийн лидерүүд дуудагддаг. Эдгээр хүмүүс бүгд өөрийн гэсэн үзэл бодолтой, өөр, өөр хүмүүс учраас нэг баг болгож нэгтгэх үүрэгтэй гол цөм нь багийн ахлагч байдаг болов уу гэж би боддог. Тиймээс баг доторх уур амьсгал дээрээ илүү анхаарахыг зорьж байгаа.
-Волейболын спортоор хэд дэх жилдээ хичээллэж байна вэ?
-Волейболын спортоор хичээллэж эхлээд 10 жил болж байна.
-Анх энэ спортоор хичээллэж эхлэхдээ энэ хүртэл явна. Мэргэжлийн тамирчин болно гэж бодож, төсөөлж байв уу?
-Анх зүгээр л сонирхоод тоглож эхэлсэн. Яваандаа энэ спортдоо дурлаад тууштай хичээллэсэн. Өнөөдрийн энэ зорилгыг өөртөө тавьсан байсан. Мэргэжлийн тамирчин болж, шигшээ багтаа дуудагдан гэж итгэж, түүнийхээ төлөө хичээсээр ирсэн. Яг одоогийн байдлаар бол зорилгоо давуулан биелүүлчихсэн сууж байна.
-Монгол Улсынхаа шигшээ багт хэд дэх жилдээ дуудагдаж байна вэ?
-4 дэх жилдээ Монгол Улсынхаа шигшээ багт дуудагдаад, түүнээс хойш жил бүр олон улсын тэмцээнд оролцоод явж байна. Анх 2021 онд шигшээ багтаа дуудагдаж байлаа.
-Багийн ахлагчийн хувьд шигшээ багийн бүрэлдэхүүний тухай мэдээллийг өгөхгүй юу. Нилээн залуу бүрэлдэхүүн харагдаж байна?
-Шигшээ баг маань энэ оны гуравдугаар сарын 1-нд нийт 33 тамирчинтай өргөтгөсөн бүрэлдэхүүнээр бэлтгэлээ хийж эхэлсэн. Одоо бол тэмцээнд явах үндсэн 14 тамирчин сонгогдчихсон эхний тэмцээндээ явах гэж байна. Шилдэг 33 тамирчнаас сонгогдсон 14 хүн гэдэг бол маш том өрсөлдөөн дундаас гарч ирсэн баг бүрэлдэхүүн гэсэн үг. Таны хэлсэнчлэн энэ удаагийн бүрэлдэхүүн өмнөх жилүүдээс илүү залуу бүрэлдэхүүнтэй, илүү хурдтай, хүчтэй баг бүрдэж чадсан болов уу гэж бодож байгаа.
-Шигшээ багийн охидыг ямар тэмцээнүүд хүлээж байна вэ?
-Одоогийн байдлаар энэ жил 2 том тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байгаа. Энэ сарын 7-15-нд Веьтнам Улсад зохиогдох Азийн Волейболын Холбооны “Эмэгтэйчүүдийн Үндэстний Цомын аварга” шалгаруулах тэмцээнд оролцоно. Дараа нь наймдугаар сард Зүүн азийн аварга шалгалуулах тэмцээнд оролцохоор төлөвлөж байна.