
Хамтарсан Засгийн газар “унасан” асуудлын халуун дээр дараагийн Ерөнхий сайд түүний “зурах” Засгийн газрын бүтэц анхаарал татаж буй. Тэр тусмаа МАН дангаараа аль эсвэл хамтарч засаглах уу гэдэг бүр ч сонирхолтой. Мэдээж МАН-ын дараагийн хувилбарт ИЗНН болон Үндэсний эвсэлтэй нэгдэх сонголт яригдана. Гэвч нөгөө талд Ардчилсан нам шинэ засагт орох уу гэдэг асуулт байна. Хэдийгээр АН хамтарч засаг барьсан эрх баригч намынхаа нь төв байгууллагаас “Төрхөмдөө буц” гэдэг шийдвэр хүлээж авсан ч хэд хэдэн үндэслэлээр “дахих” магадлал өндөр. Энэ ч агуулга дээрээс сүүлийн өдрүүдэд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт орж ажиллаагүй АН-ын гишүүд засагт орохоор гүйлдэж байгаа сурагтай.
Нэгдүгээрт, АН-д асуудал байсан ч гаргасан дүрмээ түрүүлж зөрчсөн нь МАН. Үүндээ бантсан МАН-ынхан ч Л.Оюун-Эрдэнэ огцорсон чуулганы хуралдаан дээр Ардчилсан намын сайд нарыг сайн ажилласан гэж ам хуурайгүй магтсан. Угаас бага хурлаар гаргасан шийдвэрээрээ Ардчилсан намынхны дургүйг хангалттай хүргэчихсэн учраас дараагийн улс төрөө бодсон ч энэ нь тэдэнд өлзийтэй гэдэг нь лав.
Хоёрдугаарт, Ардчилсан нам УИХ-д нэг биш, хоёр ч биш бүр 42 суудалтай. Ийм томоохон сөрөг хүчнээ тоглоомын гадна үлдээчихвэл парламентын засаглал хүндэрнэ. Зүй ёсоор дараа, дараагийн удаад бүрдэх Засгийн газрын “амьдрах” хугацаа ч багасах эрсдэлтэй. Үүнийг мэдэж байгаагийн хувьд Ц.Туваан, Э.Одбаяр нарын сайд нар нь ч “Дуудахад чинь бэлэн шүү, хамтралыг дэмжинэ” гэж ил гэгч нь хэлнэ лээ.
Гуравдугаарт, чуулганы хуралдааны үеэр олон ч гишүүд “Та нар оруулчихсан байгаа мөрийн хөтөлбөрөө яах юм бэ” гэдгийг асуусан. Магадгүй энэ л Ардчилсан намынхны засагт буцах гогцоо нь болох магадлалтай. Нөгөөтээгүүр өнгөрсөн хугацаанд төрийн удирдах түвшинд хийгдсэн АН-ын гаралтай дарга нарын томилгоог яах вэ гэдэг МАН-д толгойны өвчин болох нь гарцаагүй. Шууд халаад хөөгөөд явуулах нь аль аль талдаа нэр хүндэд хохиролтой. Тиймээс энэ талаас нь бодсон ч АН-даа дахин хадаг барьж очих магадлал өндөр байна