Цар тахлын үеийн хөл хорионы үед гэртээ харьж чадахгүй гацсан иргэд www.119.mn сайтаар бүртгүүлж, шилжилгээний хариугаа авч зорчих ёстой байсан. Гэвч арванхоёрдугаар сарын 1-ээс эхэлсэн энэ ажил саатахад хүрээд байсан билээ. Тэгвэл энэхүү сайтыг хийсэн Интерактив компани тайлбар гаргажээ.
Энэхүү тайлбарт тус сайтыг хийхэд хагас тэрбум төгрөгийн төлбөр авсан гэдгийг үгүйсгэсэн байна. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийсэн хэмээн тайлбар хийжээ.
Мөн хөл хорионы 21 хоног дуусахаас хоёр өдрийн өмнө УОК-оос шийдвэр гаргаж, иргэдийг бүртгэх, шинжилгээг нь өгөх зэрэг ажлыг цахимаар хийх шийдвэр гаргасан. Энэ дагуу хоёр өдрийн дотор бэлэн болгосон ч ачааллаа дийлэхгүй саатал үүссэн нь үнэн гэдгийг дурджээ.
Интерактив ХХК нь 2020 оны 3 дугаар сараас эхлэн Коронавирус-ийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилго бүхий АМ-36 маягтын дагуу “өгөгдөл цуглуулах систем”-ийг Эрүүл мэндийн яам-ны хүсэлтээр, өөрийн бүтээгдэхүүн болох Veritech ERP систем дээрээ суурилан, үнэ төлбөргүй-гээр боловсруулж өгсөн болно. Энэхүү системийг ашиглан улс орон даяар 700 гаруй эмнэлэгийн байгууллагаас өдөр тутам өвчлөлийн талаарх дата мэдээлэл цуглуулж, нөхцөл байдлын талаарх мэдээллийг Real-time горимд боловсруулж эхэлсэн. Ингэснээр өмнө нь гар ажиллагаагаар урт хугацаа зарцуулан хийдэг байсан нэгтгэлийн төвөгтэй байдал арилж, тоон өгөгдөл дээр суурилсан шийдвэр гаргах боломж бүрдсэн болно.
Ашиглалтын явцад тус Veritech ERP системийн уян хатан боломжийг ашиглан эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, оношлуур, ариутгалын, гаднаас ирэх иргэдийн, тусгаарлах байр, өрөө тасалгаа, ор, тусгаарлаж буй иргэд, эмчилгээ, зөрчлийн, эрсдлийн үнэлгээний, цаг захиалгын, түргэвчилсэн оношлуурын, дуудлагын, статистикийн тайлан шинжилгээний г.м эрүүл мэндийн салбарт тулгамдаж байсан 200 гаруй төрлийн бүртгэл бүхий 20 гаруй дэд системийг 5 сарын турш нийгмийн хариуцлагын үүднээс үнэ төлбөргүй боловсруулан ажиллаж байна.
Монгол улсад дотоодод вирусын халдвар тархасны дараагаас улс орон даяар хийж эхэлсэн "Түргэвчисэн оношлуурын бүртгэл, өрхийн эмнэлэг болон төвүүд дээр цаг захиалах" системийг 3 хоногийн хугацаанд боловсруулж, амжилттай нэвтрүүлэв.
УОК-ын дэргэдэх Ажлын хэсэг бидний нэвтрүүлсэн энэхүү дэд бүтцийг ашиглаж Улаанбаатар хотод хөл хорионд гацсан иргэдийн бүртгэлийг хүлээн авч, цахимаар цаг захиалж, мөн адил цахимаар шинжилгээний хариу олгох замаар түргэн хугацаанд дээрх ажлыг зохион байгуулахаар холбогдох шийдвэрийг гаргасан.
Бид энэ хүрээнд 2 хоногийн хугацаанд дэд бүтэц, холбогдох технологийн шийдлийг санал болгон, боловсруулж нэвтрүүлсэн болно. Гэвч системд тооцсон ачаалал хэд дахин огцом нэмэгдэж, 11 дүгээр сарын 30-ны өдрөөс түр зогсолт хийсэн боловч Үндэсний дата төвтэй хамтран дэд бүтцээ өргөтгөж, оройн 18 цаг гэхэд хэвийн горимд шилжсэн болно.
Шинжилгээний хариу гарахгүй удаж байгаа шалтгаан нь тухайн сорьцыг ажлын цаг дууссаны дараа зөөвөрлөж, ХӨСҮТ-ийн лабораторид хүргэнэ, сорьцын хариу ачааллаас хамаарч 8-9 цагийн дараа гарна, гарсан хариуг дагалдах хуудсын дагуу нэг бүрчлэн системд шивэх шаардлага үүссэн тул хариу олгох ажилд удаашрал үүссэн юм. Хуримтлагдаад байсан шинжилгээний хариунуудыг 12 дугаар сарын 01-ны өдрөөс Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс нэмэлтээр 40 гаруй хүнийг нэмж шивснээр шинжилгээний хариунуудыг 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар шивж дуусгасан болно.
119.mn сайт нь Шинжилгээний цаг захиалгын болон орон нутагт зорчих хүсэлтийн мэдээллийг иргэдээс цуглуулж, Эрүүл мэндийн нэгдсэн систем рүү өгөгдөл дамжуулах зорилготой нэг модуль нь юм. Тус компани нь зөвхөн техникийн шийдлийг хариуцан ажиллаж байгаа ба шинжилгээний хариу бүртгэх болон хадгалагдаж буй эрүүл мэндийн салбарын өгөгдөлд хандах эрх байдаггүй болохыг та бүхэнд мэдэгдэж байна.
Улс оронд эрсдэлтэй байдал бий болсон үед олон талын хүндрэл бэрхшээл гарч, иргэдийг бухимдуулж байгаад Интерактив ХХК компаний зүгээс харамсаж байгаагаа илэрхийлж, уучлал хүсч байна.
"Дахин дурдахад Интерактив ХХК нь энэхүү нөр их ажлыг сүүлийн 6 сарын хугацаанд нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүй хийж байгаагаа хариуцлагатайгаар мэдэгдэж байна"