УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлосон. Харин энэхүү хуулийн төслийг хэлэлцэхтэй холбогдуулан АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авжээ. Үүний дараа МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулах талаар хэлэлцэв. Тус зөвлөл нь 15 гишүүнтэй бөгөөд дөрвийнх нь бүрэн эрхийн хугацаа дууссан юм. Иймд гишүүдийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг зургаан гишүүнтэй байгуулахаар тогтлоо. Мөн тус телевизийн захирлыг шинээр бүрэлдсэн Үндэсний зөвлөлийнх нь гишүүдийн саналаар томилох хэрэгтэйг гишүүд хэллээ. МҮОНРТ-ийн ерөнхий захирлын сонгон шалгаруулалтын материалыг өчигдрийг хүртэл хүлээн авсан бөгөөд 17 хүн холбогдох баримт бичгээ ирүүлсэн байна.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах бөгөөд товыг нь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар тогтоож, УИХ-аар хэлэлцэх байв. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн уг асуудлыг хэлэлцэхийг түр хойшлуулах санал гаргасан бөгөөд байнгын хорооны дарга хүлээн авчээ.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ-ын сонгуулийн тухай хуульд тусгаснаар УИХ-ын гишүүний орон тоо гарсан тохиолдолд түүнээс хойш 50 хоногийн дотор нөхөн сонгуулийг товлох ёстой. 50 хоногийн хугацаа нь энэ сарын 13-нд дуусна. Мөн энэ асуудлыг хэлэлцэх бэлтгэлийг хангаагүй байна. Улс төрийн асуудал учраас тодорхой хүрээнд ярилцах, зардлын тооцоог нь гаргах шаардлагатай” гэв.