Орон нутагт зорчиж буй иргэдийн гар утсанд коронавирусний шинжилгээний хариуг мессежээр өгөхөөр болжээ.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал
“Иргэдийг орон нутагт хүндрэлгүй, чирэгдэлгүй явуулах чиглэлээр Шадар сайдын дэргэдэх ажлын баг хуралдлаа. Үүний үндсэн дээр Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй үүрэн телефоны компаниудын захирлууд, нийслэлийн Мэдээлэл харилцаа холбооны технологийн газартай хамтран иргэдийн гар утсанд шинжилгээний хариуг мессежээр өгөхөөр шийдвэрлэсэн. Өчигдөр оройноос эхлэн дөрвөн үүрэн телефоны операторуудтай хамтран “Таны шинжилгээний хариу гарлаа” гэсэн мэдээллийг мессежээр өгч эхэлсэн" гэлээ.
Харин иргэд орон нутаг руу нийтийн тээврийн унаа болон хувийн тээврийн хэрэгслээр зорчихдоо энэхүү мессежийг иргэний үнэмлэхийн хамт заавал авч явах шаардлагатай болох юм. Иргэний үнэмлэхийн QR кодод мэдээллийг оруулаад Цагдаагийн болон хяналтын байгууллагын ажилтнууд энэхүү мэдээллийг тулгасны дагуу орон нутагт зорчуулахаар болжээ.