Эрүүл мэндийн яамнаас корнавирусийн халдварын шинжилгээний хариуг танилцуулах 17:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа
"Өнөөдрийн 11:00 цагаас хойших мэдээлийг өгье. Халдварын тохиолдол 21-ээр нэмэгдэж нийт батлагдсан тохиолдол 629 боллоо.
Энэ хугацаанд Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй бөгөөд Сэлэнгэд 21 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Тус аймгийн халдварын тоо 96, дотоодын халдварын тоо нийтдээ 193 болж байна.
Сэлэнгэд аймгийн төв Сүхбаатар хот болон Мандал суманд хоёр том голомт байгаа. Нэлээн өргөн хүрээтэй тандалт, хяналтыг хийж, хавьтлаасаа халдварын тохиолдлуудыг илрүүлэн гаргаж ирж байна" гэлээ.
Түүнчлэн ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Одоогоор хэдэн хүний хавьтлыг тогтоохоор ажиллаж байна вэ. Ямар хүндрэл үүсэж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар энэ сарын 10-наас хойш батлагдсан тохиолдлуудын 800 гаруй ойрын хавьтлыг илрүүлж шинжилгээнд хамруулсан. Үүнээс 30 гаруй хувьд нь хоёр дахь шинжилгээ хийж байна. Дам хавьтлын 7500 хүнийг илрүүлж, түргэн оношлуураар шинжилгээ аваад эерэг гарсан тохиолдолд батлах шинжилгээ хийж байгаа. Улаанбаатар хотод байгуулсан 18 цэгт 19.4 мянган хүнд түргэн оношлуураар шинжилгээ өгсөн байна. Батлагдсан тохиолдол гарах бүрт ойрын хавьтал нэмэгддэг. Зарим хүн уулзсан хүн, явсан газраа мартах тохиолдол байгаа ч иргэд өөрийгөө хавьтал болсон байж болзошгүй, хавьтал авсан байж болзошгүй хэмээн эмнэлгийн байгууллагад хандаж, бидний ажлыг дэмжиж байгаад талархаж байна.