Мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас өнгөрсөн жил 2273 хүн тэтгэвэр тогтоолгожээ. Тэдний 51.5 хувь нь ажлын байрнаас үүдэлтэйгээр уушги тоосжих өвчтэй болсон нь голдуу эрэгтэйчүүд байгаа юм. Уушги тоосжих өвчтэй хүмүүс энгийн хүмүүсээс дунджаар 8.5 жилээр богино насалдаг нь судалгаагаар тогтоогджээ. Иймд хөдөлмөр эрхлэгчдийг тоосжилтоос хамгаалах ажлыг нэгдсэн байдлаар өргөн цар хүрээнд хэрэгжүүлэх нь чухал болохыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийнхэн мэдээлсэн юм. Тус төвөөс ажлын байран дахь тоосжилтоос ажилтны эрүүл мэндийг хамгаалах техникийн зохицуулалтыг ирэх долоодугаар сарын 1-нээс мөрдөж эхлэхээр болсныг мөн онцолсон билээ.
Мэргэжлээс шалтгаалсан буюу тоосжилтоос үүдэлтэй уушгины өвчлөл жил ирэх тусам нэмэгдэж буйтай холбоотойгоор Засгийн газар өнгөрсөн оны сүүлчээр энэхүү зохицуулалтыг баталж, заасан хугацаанаас мөрдүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар нарт үүрэг болгосон байна. Ингэснээр уурхай, үйлдвэр, барилга зэрэг тоос ихтэй орчинд ажилладаг хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, ажил олгогчдын хариуцлага, хяналтыг нэмэгдүүлэх боломж бүрдэх гэнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!