2024 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр "Миний дэлгүүр"-т гарсан галыг унтраахаар ажиллаж байхдаа амиа алдсан Нийслэлийн гал унтраах, аврах 10 дугаар ангийн тасгийн дарга Д.Жанчив агсны эхнэр Б.Ганцэцэг, хүү нар мэдээлэл хийж байна.
-----------------
Талийгаачийн энхэр Б.Ганцэцэг:
-Бид хоёр амьдраад 22 жил болсон. Энэ хугацаанд таван хүүхэдтэй болсон. Нөхрөө алдсанаас хойш олон дарга нарын хаалга сахиж арга мухардаад өнөөдөр мэдээлэл хийж байна. Миний нөхөр Онцгойгийн албанд 25 жил ажилласан. Энэ бол маш урт хугацаа. Өргөсөн тангарагтаа үнэнчээр үүргээ биелүүлсэн. Тэгвэл төр ямар үүрэгтэй вэ. Төр яагаад 25 жил ажилласан иргэнээ үнэлж чадахгүй байгаа юм бэ. Үүнд маш их харамсаж гайхаж байна. Миний хань 7000 гаруй хүний амь насыг аварсан. Ийм л мундаг баатарлаг хүн байсан. Би өөрөө эрүүл мэндийн асуудалтай. Сүүлийн нэг жилд хоёр удаа хагалгаанд орлоо. Бүтэн нэг жил ОБЕГ, төр засгийг хангалттай удаан хүлээлээ. Тиймээс хоёр зүйлийг асуумаар байна. Хувцас хангамжийн асуудлыг дурдмаар байна. Аврагч хүнийг хувцас хэрэглэл хамгаална. Одоо бол хувцас нь сайжирсан ч гэсэн өмнө нь яагаад сайжруулж болоогүй юм бэ. Энэ хүмүүсийн эрхийг хамгаалдаг байгууллага гэж алга. Яагаад алба хаагчдын амь нас эндэхээс өмнө яагаад арга хэмжээ авч болдоггүй юм бэ. Миний ханьд холбоо станц байсан бол эсэн, мэнд байх ч байсан юм бил үү. Ер нь 25 жил ажилласан хүн амь эрсэднэ гэдэг чинь хувцас хэрэглэл ямар түвшинд байгааг харуулж байна. Гар нүцгэн шахуу гал руу ордог.
Гавьяа шагнал авах болохоор дарга нар авдаг мөртлөө гал, ус руу ордог эдгээр алба хаагчдад Монгол Улсын Баатар цолыг яагаад өгдөггүй юм. Энэ бол хөндөх ёстой сэдэв. Ар гэр нь үүнийг хардаг юм шүү.
Бид хууль ёсны тэтгэвэр, тэтгэмж буюу 10 жилтэй тэнцэх цалин, амь насны даатгалын мөнгийг авсан. Дүнжингаравын ослын улмаас амиа алдсан алба хаагчдын ахуйн асуудал дээр Ерөнхийлөгч буцалтгүй тусламж үзүүлсэн. Зургаадугаар сарын 1-нд Ерөнхийлөгч хууль өргөн барьсан. Уг хууль мөрдөгдөж эхэлсэн бөгөөд албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан цагдаа, онцгойгийн албан хаагчийн гэр бүлд орон сууц олгодог болсон. Тухайлбал,
-
Тухайн цэргийн алба хаагчийн гэр бүлд 80 м.кв-аас доошгүй талбай бүхий орон сууцыг нэг удаа олгох, /Орон сууцны өртөг нь хөдөлмөрийн доод хэмжээг 500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү буюу өнөөгийн ханшаар 330 сая төгрөг байна/
-
Хамгийн бага насны хүүхдийг нь 18 нас хүртэл хугацаанд тухайн цэргийн алба хаагчийн сарын үндсэн цалинг нь 100 хувь олгодог байхаар тусгасан. Гэтэл миний нөхөр дөрөвдүгээр сарын 8-нд өнгөрсөн учраас дээрх хуульд хамрагдахгүй гэж хэлсэн. Үүнд гомдолтой байна.
Миний гэр бүл, үр хүүхдэд яагаад ийм шударга бус хандаад байгаа юм бэ. Ерөнхийлөгчид хандаж хэлмээр байна. Энэ асуудлыг хуулийнхаа хүрээнд шийдэж болдоггүй юм уу. Хуулийнхаа хүрээнд биш юм гэхэд энэрэнгүй хүн чанар гаргаад нөхрийн маань ажилласан жилийг нь үнэлээд адилхан шударга хандаж болохгүй юу. Таван хүүхэд нь үлдсэн байхад төр яагаад үүргээ биелүүлж чадахгүй байгаа юм. Миний хань заавал олны анхааралд өнгөрөх ёстой байсан хэрэг үү. Хэрэв тэгсэн бол миний хүүхдүүд Ерөнхийлөгчийн тусламжид хамрагдаж чадах байсан юм болов уу гэж бодож байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!