Монгол хүн сансарт ниссэний 44 жил ой энэ сарын 22-ны өдөр тохионо. Энэхүү өдрийг тохиолдуулан Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү тэртээ 1977 онд бүрэлдсэн ШУА-ийн Сансар судлалын тасгийн хамт олонд хүндэтгэл үзүүллээ.
Тодруулбал, Монгол Улсын анхны сансрын нисгэгч, Чингис хаан одонт Ж.Гүррагчаа, тухайн үед сонгон шалгаруулалтад тэнцсэн С.Сайнцог, багийн эмч Л.Лхагваа, УИХ-ын гишүүн, Академич, чацаргана, борцыг сансарт турших туршилтыг хийж байсан Д.Рэгдэл, Сансар судлалын тасгийн эрхлэгч Ч.Лхагважав, нарийн бичиг Ж.Гантулга, Д.Батмөнх зэрэг Монгол Улсын сансрын анхны багтай уулзаж, яамны баримталж буй бодлогын талаар санал солилцож, хүндэтгэл үзүүлэв.
Монгол Улс 44 жилийн өмнө ЗХУ-тай хамтран сансарт анх нисгэгчээ илгээсэн бол өнөөдөр хоёр дахь сансрын нисгэгч нь хэн байх вэ, түүнийг аль улстай хамтран нисгэх вэ гэдэг асуудал хөндөгдөж эхэлсэн. Энэхүү асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэнэ гэдгийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү онцлов.
Үүний зэрэгцээ, тэрбээр, бид үндэсний хиймэл дагуулыг Франц улстай хамтран хөөргөхөөр бэлтгэл ажлаа хангаж байна. 10 гаруй жилийн туршид яригдаж буй энэхүү ажил нь Монгол Улсын харилцаа холбооны бие даасан байдлыг хангах ач холбогдолтой. Мөн манай улсад Старлинктэй ижил төстэй нам орбитын чиглэлд хиймэл дагуул хөөргөж буй олон улс хамтран ажиллах санал тавьж байна.
Технологийн үсрэнгүй хөгжлийг дагаад сансар судлал нь эдийн засгийн шинэ бүтэц болж, урьд урьдынхаасаа илүүтэй олны анхаарлын төвд орлоо.
Иймд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны зүгээс зүгээс Сансрын тухай хуулийн төслийг боловсруулж, ирэх намрын чуулганы үеэр өргөн барихаар бэлтгэл ажлаа хангаж байна. Үүнд ахмадуудын оролцоо маш чухал гэдгийг Сайд Ц.Баатархүү онцолсон юм.
Ж.Гүррагчаа нь сансарт ниссэнээр Монгол Улсын анхны сансрын нисгэгч, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүнээр тодорч байв.
Харин Монгол Улс өөрийн нисгэгчээ нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, хүн төрөлхтний сансар судлалын түүхэнд нэрээ мөнхөлсөн юм.
Мөн сансрын уудамд техникээ гаргаж, туршсан дэлхийн тав дахь орон, сансар судалгааны төхөөрөмжийг нислэгийн явцад бүтээсэн 20 дахь орон болсон.
Тухайн үед нислэгийн эрдэм шинжилгээний хөтөлбөрийг боловсруулах ажлыг тухайн үед БНМАУ-ын ШУА-ынхан дангаараа хариуцаж байв.
Тус нислэгээр Атлантын далай, Латин Америк, Арабын хойг гээд тив газрууд, Канад, АНУ, Куба зэрэг улсууд болон ашигт малтмал, амьтан судлал гээд газарзүйн төлөвлөгөөт олон зураг авсан байдаг. Тэдгээр зургууд олон салбарын үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан. Ялангуяа газрын мэдээлэлд буюу дэлхийн улс орны загас агнуурын аж ахуй хөгжихөд түлхүү ашиглажээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!