Засгийн газрын ээлжит хуралдаанаас гадаад валютын нөөцийг богино хугацаанд нэмэгдүүлэх үүргийг төрийн өмчит үйлдвэрийн газруудад өглөө. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлангийн хэлснээр "Эрдэнэс Монгол" нэгдэлд ойрын хугацаанд нэг тэрбум ам.долларын валютын нөөц нэмэгдүүлэх үүрэг өгчээ. Энэ талаар хэлэхдээ " Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тусгайлан үүрэг өгсөн. Энэ нь ойрын хугацаанд "Эрдэнэс Монгол" группээс 1 тэрбум гаруй ам.долларын валютын нөөц нэмэгдүүлэх хатуу үүрэг болгосон. Үүнийг тус групп охин компаниудад задалж үүрэг болгож ажиллана" гэлээ. Түүний мэдээлснээр "Эрдэнэт" ТӨҮГ, Дарханы төмөрлөгийн үйлдвэр зэрэг дөрвөн компанид Засгийн газраас валютын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг болгожээ. Эдгээр дөрвөн компанийн толгойлсон 10 гаруй компани нийт 3.8 тэрбум ам.долларын борлуулалт хийхээр төлөвлөсөн байсан бол нэмэлтээр 557 сая ам.долларын нэмэлт борлуулалт хийх үүрэг өгчээ. Тухайлбал, "Эрдэнэт" үйлдвэр борлуулалтын орлогоос шалтгаалахгүй 100 сая ам.доллараар валютын нөөцийг нэмэгдүүлэхээр болсон байна.
Сангийн сайд Б.Жавхлангийн мэдээлснээр 4.5 тэрбум ам.доллар болсон валютын нөөцийг дөрөв, тавдугаар сард 5.5 тэрбум ам.доллар буюу түүнээс дээш хэмжээнд хүргэхээр экспортыг богино хугацаанд нэмэгдүүлэх, валютын нөөц нэмэгдүүлэх ажлын хэсэг зорьж байгаа юм байна. Энэ хүрээнд ТӨҮГ-уудад үүрэг болгоод байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!