Ногоон гэрэл, цагаан шугамаар гарч яваа явган зорчигчийг дайрчих шахан өнгөрдөг жолооч нарыг мөнгөөр торгохоос гадна санаатай хүн амины хэрэг үйлдэхийг завдсан гэж үзэн Зөрчлийн тухай хуулиас салгаж 2023 оны нэгдүгээр сарын 21-ээс Эрүүгийн хуулиар ялладаг болсон. Гэвч Эрүүгийн хууль чангарсан ч жолоочдын хариуцлага дээшилсэнгүй.
Тухайлбал, сарын шинийн баярын өдрүүд буюу гуравдугаар сарын 1-4-нийг хүртэлх хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 299 зөрчлийг цагдаагийн алба хаагчийн хяналт шалгалтаар илэрчээ.
Түүнчлэн дээрх хугацаанд зам тээврийн ослын 1765 дуудлага бүртгэгджээ. Зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг хүн, орон нутгийн замд 10 хүний амь хохирч 37 хүн гэмтэж бэртсэн байна.
Согтуу жолооч нар “Зүгээр л айраг уусан, ганц пиво уусан, манай гэр энүүхэнд, эргээд орлоо” гэх ч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодно гэдэг санаатайгаар бусдын амь насанд заналхийлж буй үйлдэл болохоо үл ойлгох.
Зарим нь өрөвдүүлэх заль хэрэглэж, зарим нь алба хаагчийн өмнөөс агсрах нь цөөнгүй гэнэ. Гэвч, өрөвдлөө, агсарлаа гээд нэмэргүй, хууль бол хууль. Замын хөдөлгөөний дүрмээ ягштал биелүүлээд явбал цагдаа нарт баригдаж, жолооны эрхээ хасуулж, торгууль шийтгэл хүлээхгүй байлтай.
Согтуу жолоочийн улмаас зүүн гарынхаа таван хурууг тайруулсан
Нэг өдрийн өмнө Б.Уранзаяа гэх 22 настай охин зургаан насандаа согтуу жолоочийн улмаас зүүн гарынхаа таван хурууг тайруулсан талаар цахим орчинд нийтэлсэн байдаг. Хэргийг тодруулбал, 2009 оны арваннэгдүгээр сард шөнө унтаж байхад нь согтуу жолооч гэр, хашааг нь мөргөж улмаар зуухны үнс нурам асгарч ослын доргилтод орон дээр хэвтэж байсан охин, өвөөтэйгээ хамт нурам дээр нь унасан байгаа юм. Улмаар тэр хоёр, хоёул зүүн гарынхаа таван хурууг тайруулж биеэрээ дүүрэн сорвитой болжээ. Хэргийн эзэн гэх 19 настай залуу хоёр жилийн ял сонсож 21 насандаа суллагдсан байна.
Зөрчлийн тухай хуульд
- Жолооч согтуурсан үедээ машин барьсан эхний удаад жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400 мянган төгрөгөөр торгоно. Эсвэл 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулна.
Эрүүгийн хуульд
- Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ дахин машин барьсан, шалгуулахаас зайлсхийсэн бол 1-3 жилээр жолоодох эрхийг хасах, 2.700.000-14.000.000 хүртэл төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 6 сараас 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жилийн хорих ял онооно.
- Согтуурсан, мансуурсан үедээ машин жолоодож яваад хоёр ба түүнээс дээш олон хүний амь нас хохироосон бол жолоодох эрхийг 8-12 жил хасаж, 2-8 жилээр хорих ял оногдуулна гэж заасан.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, замын хөдөлгөөнд оролцох явдлыг тэвчдэггүй, хамгийн хатуугаар шийтгэдэг улс орнуудын нэг нь Япон юм.
Тухайлбал жолоочийн цусан дахь спиртийн хэмжээ 0.03-0.04 хувьтай гарсан бол гурван жил хүртэл хугацаагаар хорьж, 5000 ам.доллароор торгож, жолоо барих эрхийг нь 3 сараар хасдаг болжээ. Энэ нь жижиг аягатай шар айраг уух хэмжээний согтолтын түвшинд оноох шийтгэл юм.
Харин 0.04 хувиас хэтэрсэн тохиолдолд таван жил хүртэл хугацаагаар хорьж, 10,000 ам.доллароор торгож, жолооны эрхийг нь бүрмөсөн цуцалдаг болжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!