Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалайгаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй орон сууцжуулах төслийн үйл явцтай танилцаж, мэдээлэл солилцлоо.
Тус ажлын хэсэг нь Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжиж буй орон сууцжуулах төслүүдийн өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, үйл ажиллагаанд тулгарч буй асуудал, бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх гарц, гаргалгааг хэлэлцэж мөн барилгын улирал эхэлж байгаатай холбогдуулан төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилготой юм.
Иймд тус ажлын хэсгийн гишүүд болох Нийслэлийн Ерөнхий Архитектор Ч.Төгсдэлгэр, Нийслэлийн Орон Сууцны Бодлогын Газрын дарга Г.Ганхүү, Нийслэлийн Орон Сууцны Корпорацийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан болон албаны бусад хүмүүс Баянголын аманд хэрэгжиж буй 1.764 айлын орон сууцны төсөл, Ханын материалын 9,7 га талбайн газар чөлөөлөлтийн ажлын явц, Баянхошуу дэд төвийн хүрээнд хэрэгжиж буй 260 айлын орлогод нийцсэн ногоон орон сууцны төсөл болон БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдаж буй Ногоон нуур-1008 айлын орон сууцны төсөлтэй танилцаж, мэдээлэл солилцлоо.
Барилгын ажил эхэлсэн төслүүдийн тухайд энэ ондоо эхний ээлжийн орон сууцууд ашиглалтад орох юм. Харин Ханын материалын 9,7 га талбайн газар чөлөөлөлтийн ажил 66 хувьтай явж байгаа бөгөөд нийт 233 айлын газрыг чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 142 айлын газар чөлөөлөлтийг хийсэн байна. Газар чөлөөлөлтийн ажил дуусмагц Нийслэлийн Орон Сууцны Корпорациас тус байршилд 3.000 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!