Энэ сарын 11-нд Сүхбаатарын талбайд болсон утааны эсрэг иргэдийн жагсаал болсонтой холбогдуулан Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус газрын мэдээлснээр жагсаалын дараа гэмт хэргийн шинжтэй 13 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 7, зөрчлийн шинжтэй 6 гомдол мэдээллийг мөрдөн шалгаж байгаа аж. Энэ үеэр төрийн ордон буюу төрийн тусгай объект руу бие зассан болон алба хаагч нар луу дайрсан зөрчлүүдийг нэмэлтээр шалгаж байгааг онцоллоо. Мөн цахим орчинд түгээгдсэн хэргийг цагдаагийн байгууллагаас тус бүрчлэн шалгаж байгаа гэдгийг тодруулж хэлмээр байна.
-------------------------------
ЖАГСААЛЫН ҮЕЭР ХҮҮХДЭЭ ЭМНЭЛЭГТ ҮЗҮҮЛЖ ЯВСАН ЭМЭГТЭЙГ ТҮЛХЭЖ УНАГАСАН, ЭМНЭЛГИЙН МАШИНЫ ХӨДӨЛГӨӨНД СААД УЧРУУЛСАН ЗЭРЭГ ОЛОН ЗӨРЧИЛ ГАРСНЫГ ШАЛГАЖ БАЙНА
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Пүрэвдэлгэр: Энэ сарын 07-ны өдөр Эрх чөлөөний эвсэл намаас Сүхбаатар дүүргийн Засаг даргад мэдэгдэл хүргүүлж, жагсаал цуглаан зохион байгуулах талаараа мэдэгдсэн байна. Энэ дагуу жагсаал цуглааныг бүртгэж, улмаар нэгдүгээр сарын 11-ний өдрөөс Сүхбаатарын талбайд жагсаал 11:00 цагаас эхэлсэн. Цагдаагийн байгууллагаас хүн ихээр төвлөрсөн буюу тухайн өдөр хүний эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажилласан. Жагсаалын үеэр иргэдийн дунд согтууруулах ундаа хэрэглэсэн, бага насны хүүхдээ дагуулсан, өндөр настай иргэд гэх 129 хүнд зөвлөгөө өгч, гэрт нь албаны машинаар аюулгүй хүргэж өгөх үйлчилгээ үзүүлсэн. Тодруулж хэлбэл, биеэ удирдаж авч явах чадамжгүй согтуурсан, өндөр настан, бага насны хүүхдээ дагуулсан иргэдэд хууль зүйн хүрээнд зөвлөгөө өгч ар гэрт нь хүлээлгэж өгөх хүртэл арга хэмжээ авч ажилласан.
Мөн жагсаал цуглааны үеэр нэлээд олон зөрчил гарсан. Тухайлбал, иргэдийн хөрөнгө рүү дайрсан, төрийн тусгай алба хаагчийн биед нь халдаж савхан ясыг нь хугалсан, цагдаагийн алба хаагчийг шатнаас түлхэж, биед нь гэмтэл учруулсан гэх хэргийг мөрдөж, прокурорт шилжүүлсэн.
Мөн цахим орчинд цацагдсан бага насны хүүхдээ эмнэлэгт үзүүлэхээр явж байсан эмэгтэйд гар хүрсэн этгээдийг олж тогтоосон хэргийг шалгаж байна. Зорчигч тээврийн автобусны хөдөлгөөнийг хаах, эмнэлгийн машины хөдөлгөөнд саад учруулах зэрэг үйлдэл гарлаа.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!