Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар Монгол Улсад 60 ба түүнээс насны ахмад настан 2000 онд нийт хүн амын 5.4 хувь, 2021 онд 9.7 хувь байсан бол 2030 онд 11.9 хувийг эзэлнэ. Өнөөдөр /2025.01.08/ Ахмадын Үндэсний чуулган Төрийн ордонд болж байна.
Энэ үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан:
-Төрөөс улс орны хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн үе үеийн ахмадуудынхаа нийгмийн хамгааллыг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэхийг дэмжих, ахмад настны хэрэгцээ, шаардлагатай нийцсэн урт хугацааны цогц нийгмийн болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх, тэдний амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, тодорхой бодлого, арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Тодруулбал, тэтгэврийн хэмжээг жил бүр инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж жил бүр шинэчлэн тогтоохоор хуульчилж, 2025 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Мөн өндөр насны тэтгэвэр авч байсан тэтгэвэр авагч нас барсан бол түүний нөхөр, эхнэрийн өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлэх тусгай зохицуулалттай болсон.
Ахмад настнуудын 60 орчим хувь нь тэтгэвэр барьцаалсан зээлтэй, түүнийгээ ихэвчлэн сургалтын төлбөр төлөх, байр, автомашин худалдан авах зэргээр ахмад настан өөртөө биш үр хүүхдэдээ зориулдаг.
Арилжааны банкууд тэтгэвэр барьцаалсан зээлийг 24 хүртэл сараар, тэтгэврийг 100 хувь барьцаалж олгодог. Ингээд амьжиргаагаа ч залгуулж чадахгүй, өрийн дарамтад орж, ядууралд өртөхөд ихээхэн нөлөө үзүүлж байна. Иймээс тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг багасгах, өр, орлогын харьцааг зохистой хэмжээнд хүргэх талаар Монгол Банканд хандсан. Нийгмийн даатгалын шинэчлэлийн хүрээнд олон давхаргат тэтгэврийн тогтолцооны нэг хувийн нэмэлт тэтгэврийн эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр тэтгэвэр авагч олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломж бүрдэнэ.
2025.01.01-нээс эхлэн Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлж, ахмад настны эрүүл мэнд, сэргээн засах үйлчилгээ, идэвхтэй насжилтыг дэмжих, хөгжлийн үйлчилгээг сайжруулах, ахмад настны мэргэжил, туршлага, ур чадварт түшиглэж залуу үеийг сургах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломж нэмэгдэж байна.
Цаашдаа ахмад настанд гэр бүлийн цогц төвөөр дамжуулан, тэдний эрэлт, хэрэгцээнд нийцсэн хөгжлийн болон нийгмийн үйлчилгээ үзүүлж, идэвхтэй насжилтыг дэмжинэ. Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилтын хүрээнд өмчийн төрөл, бүрийн хэлбэрээс үл хамаарч 50 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа 2 хувиас доошгүй орон тоонд ахмад настныг газрын доор болон хөдөлмөрийн хортой халуун, хүнд нөхцөлтэй ажлын байрнаас бусад ажлын байранд ажиллуулах зохицуулалтыг бүрэн хэрэгжүүлнэ. Ахмадууд та бүхнийхээ нийгмийн харилцааны идэвх, оролцоог нэмэгдүүлэх, амьдралын чанарыг сайжруулах боломжийг бүрдүүлэхэд Монгол Улсын Засгийн газар идэвхийлэн ажиллах болно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!