М.Өлзийчимэг: Өөрсдийнх нь саналд үндэслэн Налайхын ганданд шавилан суулгасан нь ҮНЭН. Нэгэнт болохгүй гэж үзсэн учраас таван хүүхдээ “Өнөр бүл“ төвд буцаан авч ирсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 16 секунд

Өнгөрөгч 11 дүгээр сард "Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт УИХ-ын хяналтын сонсгол болсон. Энэ үеэр хүүхдийн эрх зөрчигдсөн байж болзошгүй нэгэн асуудал хөндөгдсөн нь “Өнөр бүл“ төвд байсан таван хүүхдийг Налайхын Ганданд шавилан суулгаж, улмаар тэд хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гэх мэдээлэл юм.

Эргэн сануулбал, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул "Өнөр бүл төвд байсан таван хүүхдийг тэдний хүсэлт мэдээлэл дээр үндэслэж тухайн асрамжийн газрын шийдвэрээр Налайхад байрлах сүм хийдэд шавилан суулгасан. Эдгээр хүүхдүүдэд бие махбодын шийтгэл авсан байж болзошгүй шинж тэмдгийг цагдаагийн байгууллагаас 2024 онд илрүүлсэн. Эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр "Өнөр бүл" төвийн удирдах албан тушаалтан дур мэдэн шийдвэр гаргаж Гандантай гэрээ байгуулж хүүхдүүдийг хийдэд шавилан суулгасан юм байна лээ" гэсэн байдаг.

Тэгвэл эл хэргийн эргэн тойронд ямар нөхцөл байдал үүссэн талаар “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн Ерөнхий захирал М.Өлзийчимэгээс бид тодруулга мэдээлэл авлаа.

-Танай төвд байсан таван хүүхдийг Налайхын Ганданд шавилан суулгаж, улмаар тэд хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гэх мэдээлэл цацагдсан. Та үүнд тодорхой мэдээлэл өгөхгүй юу. Танайхаас үнэхээр дур мэдэн тухайн хүүхдүүдийг шавилан суулгасан юм уу?

-Монгол Улсын Үндсэн хуулинд иргэн шашин шүтэх, эс шүтэх эрхтэй гэж заасан байдаг. Хүүхдийн эрхийн тухай хуульд ч хүүхэд шашин шүтэх, эс шүтэх эрхтэй гэж хуульчилж өгсөн. Мөн бусад дагалдах хууль тогтоомжуудад ч бий. Хүчирхийлэлд өртсөн гэх тэр асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа шүү дээ. Хүүхдийн бие махбодид хүчирхийлэл үйлдэгдэж үү гэдэг нь тогтоогдоогүй байхад энэ мэдээлэл гарсан. Яг одоогоор бидэнд ямар ч мэдээлэл ирээгүй. Хүүхдүүд маань Налайхын "Сайн Номун" гэх хийд чинь "Чандмань эрдэнэ" гээд хувийн ерөнхий боловсролын сургуультай шүү дээ. Манай хүүхдүүд тухайн сургуульд нь сурсан. Мөн хажуугаар нь шашин номын сургалтад хамрагдаж байсан нь үнэн.

Хүүхдийн эрхийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор шалгалт явж байсан юм билээ. Тэр үеэр тухайн сургуулиар ороход хүүхдийн бие дээр хөхрөлт үүссэн байна гэсэн юм билээ. Гэхдээ тэр хөхрөлтийг та нар сайн бодох хэрэгтэй шүү дээ. Хүүхдүүд ноцолдож тоглож байгаад санамсаргүйгээр бие дээрээ хөхрөлт үүсгэсэн байхыг үгүйсгэхгүй. Үүнийг албан ёсоор тогтоогоогүй байхад мэдээлэл цацагдсан.

-Танайд хяналт шалгалт хийсэн үү. Ер нь тухайн хийдтэй хэдэн удаа уулзалт хийсэн юм бэ?

-Манай дээр шалгалт хийсэн. Бид дүрэм, журмынхаа дагуу л ажилласан. Хэд, хэдэн удаагийн уулзалт хийж, тэмдэглэлүүдийг хөтөлсөн. Сургуулийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, сэтгэлзүйч гээд бүхий л хүмүүстэй холбоотой ажиллаж байсан. Тухайн орчныг учиргүй стандарт бус орчин гэж үзэх нөхцөл байхгүй. Төвлөрсөн усан хангамжтай, ариун цэврийн өрөө, усанд орох өрөө, тав тухтай амьдрах өрөөнүүд нь бий. Мөн нэгдсэн гал тогоотой. Тийм ч амьдарч болохооргүй орчин гэж би харахгүй байгаа.

-Хүүхдүүдээс шавилан суух хүсэлтийг нь авсан юм уу?

-Нэгэнт хуулинд нь тухайн хүүхдийг шашин шүтэх, эс шүтэх эрхтэй гээд заачихсан байна. Бид 7-оос дээш настай хүүхдүүдээс саналыг нь авдаг. Хүүхдүүд маань хүсэлтээ өгөөд хийдэд шавилан суусан.

-Гэхдээ энэ мэдээллийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга нь өөрөө гаргасан шүү дээ?

-Тийм ээ. Гэхдээ тэр хүүхдийг хүчирхийлэл өртсөн эсэхийг цагдаагийн байгууллага тогтооно шүү дээ. Дараагаар нь шүүх үүнийг тогтооно.

-Тухайн таван хүүхэд одоо хаана байгаа вэ. Шавилан суусан хэвээр байгаа юу?

-Үгүй ээ. Хүүхдүүд "Өнөр бүл" төвдөө амьдарч байгаа. Нэгэнт болохгүй гэж үзсэн учраас "Өнөр бүл" төвдөө буцаан авч ирсэн. Бүгд өөр өөрсдийн сургалтын байгууллагад суралцаж байна.

“Их хэмжээний ойн медалиудыг БНХАУ-д хэвлүүлээд энгэрт нь зүүж өгөөд явуулах юм“
“Их хэмжээний ойн медалиудыг БНХАУ-д хэвлүүлээд энгэрт нь зүүж өгөөд явуулах юм“
 
2025 оны Төсвийн тухай хуулийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ
2025 оны Төсвийн тухай хуулийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!