Утаа гэхээр Улаанбаатар, Уран гэхээр Улаанбадрах сум санаанд бууна. Улс төрчдийн амнаас мөнхийн уяатай ч урагшилж байгаагүй энэ хоёр асуудал өнөөдөр ч маргаан дагуулсан хэвээрээ. Тэр дундаа олон жил цацраг идэвхт бодис, шар нунтгаас айж хөрөнгө оруулалтын төслөө хойшлуулсан манайх одоо л урагшлах уу, ухрах уу гэх сонголттой нүүр тулаад байна.
27 жил “гацсан” ураны төслийг урагшлуулсан түүхэнд тэмдэглэх том үйл явдал жилийн өмнө болсон нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд найрамдах Франц улсад айлчлах үеэр Францын "Орано майнинг" групптэй "Уран ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ"-ний ажлын хэсэг байгуулах протоколд гарын үсэг зурсан юм. Өөрөөр хэлбэл, “ирэх онд ураны төслөө урагшлуулна” гэсэн хэлцлийн дагуу хоёр улс тохирч энэ жилээс суурь ажлуудаа эхлүүлж 2027 оноос бэлтгэл ажлаа хангаж, 2028 оноос бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ эхлүүлэх зорилт тавиад буй.
1997 оноос Монголд уран олборлох жим гаргаж, анхны шан татсан "Орано" группийн "Бадрах Энержи" ХХК нь аажим аажимаар урагшилсаар 2006 онд долоо мянга гаруй тоннын нөөцтэй Дулаан Уул, 2010 онд 93 мянга гаруй тоннын нөөцтэй Зөөвч-Овоо гэх ураны ордыг нээн илрүүлсэн.
Энэ хугацаанд гажиг төлийн асуудал яриа дуулиан Улаанбадрахаас тасрахаа больж "ураны голомт" гэж нэгэнт олон нийт ойлгох болоод багагүй хугацаа өнгөрч "олборлоогүй уранд" бүх бурууг тохсон нь ч нууц биш. Өнөөдөр ч уран бол монголчуудын хувьд эмзэг сэдэв.
Саяхан УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Ураныг аюулгүй гэж пиардсаар байгаад аюулгүй мэт болгож байх шиг байна. Энэ нь цацраг идэвхт ашигт малтмал юм байгаа юм шүү дээ. Жилд 215 мянган тонн хүхрийн хүчлийг газар ээжийн хэвлий рүү шахна. Энэ нь өдөрт 15 вагоны шахаж байж уран олборлоно гэсэн үг" гэж хэлсэн нь маргаан дагуулах асуудлын нэг болов. Энэ нь үнэхээр бодит уу, уран Монголд хортой юу аль эсвэл ашигтай юу гэдгийг энэ удаагийн сурважилгаа Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант багийн нутаг "Бадрах Энержи" ХХК-иас бэлтгэн хүргэлээ.
ЦАЦРАГ ИДЭВХТ БОДИСЫН НӨЛӨӨГӨӨР ЗЭРЛЭГ АМЬТАД ҮРГЭЖ, ХҮН МАЛ ДАЙЖААГҮЙ
Улаанбаатар хотоос өнгөрөгч Баасан гарагт вагонд сууж Бямба гарагийн өглөө Сайншанд өртөөнд буулаа. Дорноговь аймгийн "нийслэл" гэгдэх төвөөс Улаанбадрах сум хүртэл 90 гаруй километрийн зайтай. Тус сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй "Бадрах-Энержи" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцахаар явах замд уран эдийн засгийн хувьд үр өгөөжтэй ч уурхайг тойрсон бүс нутаг хүн, мал дайжсан, тоос шороо боссон газраар л төсөөлсөн юм. Харин энд говийн малчид Хангайн айлууд шиг саахалтаар биш ганц нэгээр зайтай нутаглах нь харагдана. Зээрийн сүрэг ч зэрэглээ шиг алсад үзэгдэнэ.
Хэрэв цацраг идэвхт бодисын нөлөө нүдэнд үзэгдэхгүй ч хор нөлөө нь өндөр бол зэрлэг амьтад үүгээр нутаглахгүй болохыг “Бадрах Энержи” ХХК-ийн Байгаль орчин, орон нутаг хариуцсан захирал Ц.Энхжаргал бидэнд тайлбарлаж байлаа.
Түүний хэлснээр хэрэв уул уурхайн нөлөөгөөр хор нөлөө өндөр болбол зэрлэг амьтад дайждаг гэнэ. Мөн нэг үеэ бодвол ураны тухай малчдын ойлголт ч бас өөрчлөгдсөн байна. Энэ нь малын судалгаа шинжилгээтэй холбоотой байхыг ч үгүйсгэхгүй бололтой. Энэ тухай яриандаа "Манай компанийн зүгээс агаар, ус, хөрс, ургамалд тогтмол судалгаа хийдэг. 2016, 2018 онд малын эрүүл мэндийн судалгаа хийж байсан. 2023 онд гурван сумын малын эрүүл мэндийн харьцуулсан судалгаа хийсэн. Улаанбадрах, Айраг, Хөвсгөл сумын 30 айлыг сонгож, малын эрүүл мэндийн судалгаа хийсэн. Судалгааны дүнгээр манай үйл ажиллагаанаас үүдэж малчны ундны худаг бохирдсон гэж тогтоогдоогүй. 2019 онд Монгол Улсад анх удаагаа гаж төлийн судалгааг хийсэн. Ингээд Дорноговь аймгийн хэмжээн дэх гаж төлийн тоо улсын дунджаас хэтрээгүй байсан. Тус судалгааг 2023 онд дахин хийж улсын дунджаас доогуур үзүүлэлттэй байна гэж дүгнэсэн" гэж байлаа. Өнөөдрийн байдлаар "Бадрах Энержи" ХХК-ийн ойролцоо бүс нутагт таван айл өвөлжиж байгаа аж.
ГАЗАР ДООР УУСГАН ОЛБОРЛОХ БАЙДЛААР УРАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ АШИГЛАЖ БАЙНА
Харин УИХ-ын зарим гишүүдийн ярьж буйгаар ураныг олборлохын тулд газрын хэвлийд хүнцэл шахдаг тухай асуултад "Бадрах Энержи" ХХК-ийнхан сулруулсан хүчил буюу 99 хувийн ус НЭГ хувийн хүчил хийх буюу "ГАЗАР ДООР УУСГАН ОЛБОРЛОХ" технологи ашигладаг тухай тайлбарыг өгсөн юм. Өөрөөр хэлбэл, газрын гүнд буй хурдас чулуулагт агуулагдаж байгаа ураныг уусгахын тулд шахагч цооногоор уусгагч шингэнийг орд руу шахаж, ураныг өөртөө уусган, уусмалыг сорох цооногоор газрын гадарга руу соруулан авч, боловсруулах үйлдвэр рүү дамжуулан авдаг технологи юм.
Эдүгээ Монгол-Францын хамтарсан гэх Догшин хутагтын нутаг дорнын говьд бүтээн байгуулалтын салхи сэвэлзэж байгаа нь нүдэнд ил. Төмөр зам, аялал жуулчлал, аж үйлдвэр хөгжих ирээдүй энэ бүс нутагт тодорхой зурайна. Зүүнбаян-Ханги-Мандал төмөр замаас эхлээд нефтийн хайгууль хийгдэж буй дүр зураг тэнэгэр говьд угтаж байлаа. Цаашилбал дэлхийд ураны нөөц ордоор томоохонд тооцогдох "Зөөвч Овоо" бий. Ураны уурхай хэмээн бодох төдийд ухсан газар, уурхай руу чиглэх том оврын техник, энд тэндгүй сааралтах тоос шороо үзэгдэх мэт санагдаж байв. Гэвч биднийг олборлолтын талбайд очиход хэдхэн ширхэг цооногийг газар өрөмдөн суурилуулсан байсан бөгөөд түүнээс холгүйхэн үйлдвэр харагдана. Тэнд ямар нэг ухсан газар, сэндийчсэн талбай, бургиж босгох тоос шороо байсангүй. Энд таван хошуу мал, зэрлэг амьтад бэлчиж болно. Харин хашлага татжээ.
Учир нь төрийн бус байгууллагын хэсэг нөхөд энд үе үе ирж "самардаг"-аас болж уран олборлох цооногийг эвдэлж сүйтгэх эрсдэлтэй болсон тул арга буюу хашлага татсан байна. Энэ хэсгийг бүрэн камержуулсан байна. Харин удахгүй хашлагыг авч бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Мөн энэ бүс нутагт мод тарьж байгааг ч анзаарахгүй өнгөрч болохгүй биз.
Зөөвч-Овоо бол Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт багтсан 14 мега төсөл дотроос нэг ч төгрөгийн санхүүжилт улсаас гаргахгүй хэрэгжихээр болж буй төсөл гэж ойлгоход болохоор аж. Өөрөөр хэлбэл, Францын тал хөрөнгө оруулалтыг хариуцаж байна.
Нөгөөтэйгүүр, дэлхийд ураны нөөцөөр томоохонд тооцогдох энэхүү ордтой холбоотой "маргаан"-ы нэг сэдэв бол хувьцаа болон хөрөнгө оруулалт. 2013 оны аравдугаар сард байгуулсан Хувьцаа эзэмшигчдийн гэрээгээр "Бадрах Энержи" ХХК-ийн:
- 66 хувийг Орано групп
- 34 хувийг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн "Мон Атом" ХХК тус тус эзэмшиж байж
Тэгвэл өнөөдөр 34 хувь гэх ойлголт байхгүй буюу Монгол Улс татвар болон давуу эрхтэй хувьцааны ашиг авах тухай яригдаж байна.
МОНГОЛД УУЛ УУРХАЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ ШИНЭ СЭРГЭЛТИЙН ДОХИОГ ДЭЛХИЙ НИЙТЭД ӨГНӨ
“Бадрах энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Мелеард: Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн тухайд гурван зүйлийг хэлэхийг хүсэж байна. Нэгдүгээрт, Монгол Улсын төр ямар нэг санхүүжилтэд хөрөнгө оруулах шаардлагагүй. Францын тал дангаараа үүнийг хийнэ. Хоёрдугаарт, Монгол Улс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс их ашиг авна. Учир нь үйлдвэрлэл эхлээд борлуулалт хийгдсэн даруйд Монгол Улс АМНАТ-ын хэлбэрээр ашгаа хүртээд эхэлнэ. Түүнчлэн төсөл хэрэгжсэнээр 51-ээс дээш хувийн ашгийг Монгол Улс хүртэнэ. Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсгээс тус гэрээний эцсийн хувилбарыг хүлээж байна. Үүний дараа УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар орно гэж бодож байна. Бидний хувьд хөрөнгө оруулалтын гэрээний хамгийн сүүлийн хувилбарт хүрэхэд ойрхон байна. Хөрөнгө оруулалтын гэрээ хийгдсэний дараа барилга бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Сайншандаас өндөр хүчдэлийн шугам татах, зам барих, ажилчдын кемп барихаар төлөвлөж байна Ингээд 2028 оны сүүлээр үйлдвэрлэлээ эхэлнэ гэж төлөвлөж байна. Монгол Улсын Засгийн газар болон Орано групп нь тус гэрээг түргэн хугацаанд баталж, төслийг эхлүүлэхээр болсон Тус гэрээ баталгаажуулснаар Монгол Улсад уул уурхайн хөрөнгө оруулалт хийх шинэ сэргэлтийн дохиог дэлхий нийтэд өгнө гэсэн юм. Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд далайд гарцгүй, жижиг эдийн засагтай манай улсын хувьд хөрөнгө оруулах нь өөрөө том эрсдэл болоод удаж буй. Харин дэлхийд томоохонд тооцогдох "Орано" групп Монголд ийнхүү урт хугацаанд хөрөнгө оруулж "итгэл алдрахгүй" аажмаар урагшилж байгаа нь Зөөвч-Овоо ордын ирээдүйд өсөн нэмэгдэх үр өгөөжийг нь харж байгааг тэрбээр үргэлжлүүлэн яриандаа дурдсан.
Энэ талаар "Хэрэв Дулаан-Уул шиг орд байсан бол бид Монголоос аль хэдийнэ гарч явах байсан" гэж товч тодорхой хариулсан юм.
“Бадрах энержи” ХХК нь тусгай зөвшөөрлийн төлбөрт жилд 1 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлдэг. Орон нутгийн хөгжлийн төслүүдэд 8.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Гэхдээ энэ бол гаднаас нэг ч экспортын орлого олоогүй буюу үйлдвэрлэл явуулаагүй, үйл ажиллагааны ашиг гаргаагүй үед ийм хөрөнгө оруулалт хийсэн дүн. Хэрэв 2028 оноос төслийн үндсэн олборлолт хийгдсэнээр 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ гэж тооцооллыг гаргаад байгаа юм.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!