2024-2025 Эрт илрүүлэг эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр Хавдар судлалын үндэсний төвийн хорт хавдрын бүртгэл тандалт, эрт илрүүлгийн албаны дарга Т.Ундармаа:
-2023 онд 7244 хүн хорт хавдраар өвдөж 4556 хүн нас барсан. Хорт хавдраар өвдсөн хүмүүсийн 65.4 хувь нь хожуу үе шатандаа оношлогдож байна. Монгол Улсын хэмжээнд сүүлийн 30 жилийн хугацаанд нас баралтын хоёрдугаарт хорт хавдар бичигдсээр ирсэн. Элэгний хорт хавдрын шалтгаан нь халдварын хүчин зүйл буюу дельта вирус. Ходоодны хавдрыг шууд үүсгээд байгаа нь хэликобактери биш ч гэлээ ходоодны архаг үрэсвэл шархлаа нь хавдар болж байна. Хавдрыг амжилттай бууруулъя гэвэл эрт илрүүлгийг хийх ёстой юм байна. Ингэж чадвал хавдрыг 70 орчим хувийг бууруулж чадна гэж тооцоолсон.
2024-2025 онд эрт илрүүлгээр хавдартай 371 хүнийг илрүүлсэн. Эдгээр иргэдийн хүйсийн хувьд эрэгтэй нь давамгайлсан бөгөөд ходоод, элэг, улаан хоолойн хавдраар оношлогдсон. Харин эмэгтэйчүүдийн хувьд ходоод, элэг улаан хоолой, бөөрний хавдрууд давамгайлсан. 60-аас дээш насныхан голдуу өвдөж байна.
371 хүний 140 нь хавдрын 0-2 дугаар шатанд оношлогдсон бол 230 нь 3-4 дүгээр үе шатандаа оношлогдсон. Үүнийг 2023 онд бүртгэгдсэн хавдрын 7244 тохиолдолтой харьцуулж үзэхэд ялгаатай үр дүн ажиглагдаагүй.
Эрт илрүүлгийг эрт хийх тусам хавдар эрт үедээ оношлогддог гэдгийг дээрх үр дүн харуулж байна. Оношлогдсон 371 хүний 84 хувь нь эмчилгээнд хамрагдсан бол 15.4 хувь нь эмчилгээнээс өөрсдөө татгалзсан. Энэ шалтгааныг тодруулж чадаагүй.