Хамтарсан Засгийн газраас анхны улсын төсвөө өргөн барьж, батлуулсан ч харамсалтай нь Ерөнхийлөгчийн хоригтой тулж бүтэлгүйтээд байна. Анх удаа төсвийн хууль дээр бүхэлд нь хориг тавьсны УИХ хүлээж авсан. Ингэснээр бараг л хуулийн хүрээнд мухардалд орох шахсан Их хурал арай гэж асуудлыг Засгийн газарт буцаагаад одоо дахиж төсөв өргөн бариулах гэж байна.
Засгийн газар төсвийн тухай хуулиа зөрчихгүй байхын тулд өчигдөр дахин төсөв өргөн барих орон зайгаа хуулиар бий болгож авсан. Өнөөдрөөс төсвийг хэрхэн танаж хасаад оруулж ирэх үндсэн ажилдаа төвлөрлөө.
Мэдээж алдагдалгүй төсөв батлах ёстой гэсэн Ерөнхийлөгчийн үүргийг Засгийн газар наашаа харж инээж, цаашаа харж уйлсаар биелүүлэх болно. Үүний цаана л жинхэнэ улс төр өрнөж, гишүүдийн олонх нь гомдох болно. Мөн сайд нар нь ирэх жил хийхээр зорьсон ажлуудынхаа бараг тэн хагасыг нь хасуулж, тануулна. Энэ бол нэг их хүсээд байх зүйл биш.
Тэгвэл Засгийн газар дээр төсвийг хэрхэн хасаг талаар ерөнхий яриа хэлэлцээрээ сайд нартайгаа ярьсан байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Сангийн сайд, ЗГХЭГ-ын дарга нартай сайд нар нэг бүрчлэн уулзаж, төсвийн талаарх асуудлуудаа нэг мөр болгож эхэлжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар эхний ээлжид шинээр авах тавилга, шинэ хөрөнгө оруулалтуудыг хасах гэнэ. Мөн сайд нарын багц тус бүрээс 10-20 хувийг хасна. Орон нутгийн төсвийг багасгах бөгөөд аймгуудын орон нутгийн хөгжлийн санд нь хуваарилдаг мөнгөн дүнгийнх нь 10-20 хувийг танахаар төлөвлөсөн байна. Түүнээс гадна дуулиант 18.3 тэрбум төгрөгийн ваучераас гадна ирэх онд хуулиар бий болох байсан шинэ орон тоонуудыг бүгдийг нь хойшлуулахаар төлөвлөж байгаа ажээ.
Ингэснээр 1.9 их наядын алдагдлыг байхгүй болгох бөгөөд Ерөнхийлөгчийн даалгаврыг биелүүлэх ажээ. Харин өчигдөр МАН-ын бүлгийн мэдээлснээр төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл, тэтгэвэр, хүүхдийн мөнгийг хөндөхгүй байх ажээ. Товчхондоо ирэх өдрүүдэд аль аймаг, хэн гэдэг сайдын төсвийг илүү хасах вэ. Хаанаас нь хөрөнгө оруулалтыг нь байхгүй болгох вэ гэдэг асуудал хамгийн хурцаар маргааны сэдэв болж, цаашлаад УИХ дээр асуудал бужигнах төлөвтэй.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!