Монголчууд бид өнөөдөр эмийг хоол шиг идэж, сайн гэсэн болгоныг нь өндөр үнэтэй байсан ч хамаагүй авч хэрэглэж хэвшсэн гэхэд хилсдэхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр, ялангуяа зурагтаар элдэв өвчин эмгэгт сайн, ханиад томууг анагаана гээд янз бүрийн эм сурталчилж, мэдлэг, мэдээлэл хомс иргэдийг татах болсон. Уг нь Эмийн тухай хуульд “Худалдан борлуулах зорилгоор эм сурталчлахыг хориглоно” гэж заасан ч орой бүр ямар нэг эм сурталчилж буйг хүн бүр хардаг. Нэг монгол хүн жилдээ хичнээн хэмжээний эм хэрэглэдэг вэ. Ийм судалгаа Монголд байдаггүй. Гэхдээ биедээ эмгүй яваа Монгол хүнтэй ховор таарах биз. Ажил, гэр, цүнх, машинд хаана ч наад зах нь парацетамол, ибупрофен байж л байдаг.
Анзаарвал, хүн бүр л ямар нэгэн эм халаасалж явдаг, хэн дуртай нь эмч болдог нь ердийн л үзэгдэл болоод удаж байна. Хэрэв “толгой өвдөөд байна” гэвэл толгойны эм уучих, бөөр өвдвөл бөөрний эм уу гэх зэрэг зөвлөгөөг, өөртөө байгаа эмийг бусдад дураараа өгчихдөг нь гэм биш зан болсон. Хэдий Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ сарын 1-нээс хэрэгжээд дөнгөж нэг сар гаруйн хугацаа өнгөрсөн ч эмийн замбараагүй хэрэглээ өргөс авсан юм шиг “арилахгүй” нь тодорхой. Наанадаж гадуур яваа хүмүүсээс “таны цүнхэнд эм байгаа юу” гэхэд “байхгүй” гэж хариулах хүн ховор байна. Ихэнх нь л өвчин намдаах, цус шингэлэгч, бөөрний эм, ханиадны эмийг дураараа хэрэглээд даджээ. Тэд “Эмчид үзүүлэхгүй, эм зүйчээс асуугаад л авч хэрэглэдэг. Надад тохирдог юм” гэх тайлбарыг дуу нэгтэй өгч байлаа.
ЭМЧИД ҮЗҮҮЛЭХГҮЙ, ОЛОН ЖИЛ ЖОРГҮЙ ЭМ УУЖ БАЙНА, "НАДАД ТОХИРДОГ ЮМ"
Иргэдийн төлөөлөл тэтгэвэртээ гарсан 60 настай н.Оюуны хувьд шургуулганд нь таван төрлийн эм байдаг. Түүний хувьд даралтны болон зүрхний эмийг хөнгөлөлттэй үнээр авдаг. Иймээс эмчийн жорын дагуу гэсэн үг. Харин бөөр нь өвдвөл “нефрис”-ийг эмийн сангаас авч уудаг байна.
Эмчид үзүүлэхгүй, олон жил хэрэглэж байгаа тухай ярихдаа “Нэг эм бичүүлэхэд эмчид үзүүлэхээс эхлээд шинжилгээ өгөх зэрэг олон шат дамжлагатай, цаг алддаг юм билээ.
Бөөрөндөө “нефрис” хэрэглээд олон жил болж байна. Надад тохирдог юм.
Ер нь хөнгөлөлттэй эмнүүдээсээ бусад толгой өвдөх, бөөр өвдөх, ханиад томууны эмийг эмийн сангаас л авч ууна. Эдгэрчихдэг юм” гэсэн юм.
Түүний хэлсэн нефрис нь үрэвслийн эсрэг, нянгийн эсрэг, шээс хөөж хаван бууруулах гол үүрэгтэй юм байна. Энэ эмийг эмчийн заалтаар жороор хэрэглэх ёстой аж.
ЖОРООР ЭМ ОЛГОДОГ БОЛСОН Ч ЖООРНЫ ГАНЦ ӨВЧИН НАМДААХ ЭМ ЦҮНХЭНД БИЙ
Бас зарим нь эмийг жороор олгож эхэлсэнд бухимдаж явна. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн урд яваа 40 орчим насны эмэгтэй “Парацетамол ч эмийн сангаас авч болохгүй, хүүхэд халуурсан үед заавал эмчид үзүүлэхээр явж цаг алдаж байна. Хэцүү л байна” гэж бухимдав.
Ямартай ч түүний цүнхэнд нэг өвчин намдаах төрлийн эм байлаа.
Харин ЭХЭМҮТ-ийн Зөвлөх эмч Ш.Энхтөр “5 хүртэлх насны хүүхдэд парацетамолын тун хэтэрвэл маш аюултай” болохыг анхааруулсан. Ингэхдээ томуугийн үед өндөр халуурахад парацетамол, ибупропен эмийг зөв найруулах хэрэгтэй гэдгийг зөвлөж байсныг энд дурдах нь зүйтэй болов уу.
ЦУС ШИНГЭЛДЭГ ГЭХ АСПИРИН АМИНД ХАЛТАЙГ АНЗААРАХГҮЙ ӨНГӨРЧ БОЛОХГҮЙ
Мөн аспириныг хүмүүс цус шингэлэх зориулалттай гэж хэрэглэх нь нийтлэг ч тун хэтэрвэл аминд хүртэл халтай.
Харамсалтай нь, орон нутагт аспирины тунг хэтрүүлснээс болж элэг, тархи, бөөрний дутагдалд орж, амь нас эрсдэлтэй байдалд орох тохиолдлууд сүүлийн жилүүдэд гарсан болохыг эмч нар халаглаж сууна.
Гэвч цүнхэндээ наад зах нь аспирин, ибупропен, энап зэрэг цүнхэлж яваа хүүхэд, залуус захаас аваад олон байгааг хажуудаа ажиллаж байгаа нэгийнхээ цүнх, шургуулгаас л харахад л ойлгомжтой.
Бүгд биш ч ихэнх нь “эмийн сан”-тай. Энэ дотор эмийн сангаас авсан эм бас фэйсбүүк, инфлүүсэрүүдийн сурталчилсан “сайн” гэх шошготой эмнүүд ч багтдаг нь нэгэнт гайхах зүйл биш болжээ. Эндээс л Монгол Улсын хувьд эмийн худалдаа хамгийн эрэлттэй, орлоготой бизнес болсон нь тодорхой.
МОНГОЛЧУУД САРД ДУНДЖААР 200 МЯНГАН ТӨГРӨГИЙГ ЭМЭНД ЗАРЦУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ГЭНЭТИЙН ЗАРДАЛ ЯДУУРАЛ РУУ ХӨТӨЛЖ БАЙНА
Нэг үгээр хэлбэл, монголчууд эмээр хооллож, чихэр шиг идэх нь өдрөөс өдөрт ихэсч тэр хэрээр айл өрхийн санхүүд дарамт болж байгаа нь нууц биш. Нэг хүн хамгийн багадаа л сард 50-100 мянган төгрөгийн эм бэлдмэлд зарцуулж байна. Хэдий Монгол хүний сард хэрэглэж буй эмийн зарцуулалтын мөнгөн дүн харилцан адилгүй ч дунджаар 200 мянган төгрөг гэх дүн мэдээ байна. Улмаар эрүүл мэндийн гэнэтийн зардал нь айл өрхийг ядуурал руу хөтөлж байгааг Их хурлын гишүүд ч хэдэн жилийн өмнө ярьж байсан нь оргүй биш.
Судалгаагаар 27422 өрх эрүүл мэндийн гэнэтийн зардлаас болоод ядуурсан байгаагаас гадна эмзэг давхаргынхан хөнгөлөлттэй эм авахад орлогынхоо 95 хувийг зарцуулж байгааг тодотгосон. Энэ тухай 2019 онд Их хурлын гишүүд ийнхүү ярьж байсан бол магадгүй энэ үзүүлэлт хэд дахин нугарсан биз.
Өнөөдөр эмийн үнэ тэнгэрт хадсаныг ч иргэд гайхахаа болиод удаж байгаа. Учир нь зах зээлд эргэлдэж буй 4200 нэр төрлийн эмийн бүтээгдэхүүний 79 хувь нь импортынх. Үлдсэн 21 хувийг үйлдвэрлэж байгаа учраас тэр.