Монгол Улсын Аварга Оргихын Хангай. Бөхөд тэр гарцаагүй "Од" нь. Харин өчигдөр тэр волейбол сонирхогчдын бахархал, хүндэтгэл басхүү үзүүштэй өрсөлдөөнөөс торойх "Гол дүр" мөнөөсөө мөн байв. Сүүлийн зургаан жил бэртэл гэмтлээс сэргийлж волейбол огт тоглоогүй тэрбээр холимог Оддын тоглолтод DC багт тоглож, ялалт байгуулсан юм.
Угтаа аваргын баг мэндчилгээнээсээ эхлүүлээд анхаарал татахуйц байж чадсан гэдэгт уншигч та санал нийлэх биз ээ. Хэдийгээр олон сонирхолтой гишүүд багийг чимж байсан боловч аваргын дэвээ шавааг мянган бөх цугласан бөхийн өргөөнд бус арьсан бөмбөг, волейболын тор, шүүгчийн дохио, тоо гүйх самбараар хүрээлүүлсэн зааланд харна гэх төсөөлөл хэний ч санаанд ороогүй. Энэ утгаараа DC баг тун мэдрэмжтэй ажиллаж, олны нүдийг хужирласан мэндчилгээтэйгээр тоглолтыг эхлүүлсэн юм.
"Чанартай юм үз". О.Хангай бол “Волейболчин“ сумын заанаас Улсын аварга цол хүртсэн нэгэн. Бид аваргыг бөхийн дэвжээн дээрх олон ялалт, ялагдлаар нь мэдэх боловч тэрбээр арван жилдээ л волейболын спортоор хичээллэж байсан гэх юм билээ. Тэрбээр 2014 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа хүртэл "Волейболын спортод бол нугасгүй. Аймгаа төлөөлж өсвөрийн улсын аваргад хүртэл тоглосон. Гавьсан амжилтгүй. Бас даам тоглох дуртай" хэмээн ярьж байжээ. Хэдий тэрбээр өөрийн волейболын спортын замналдаа чамлалттай ханддаг боловч өчигдийн тоглолтын турш сайн тоглогч болохоо ч харуулсан. Ялалтад тоглогч бүрийн хөлс хүч, хичээл зүтгэл багтдаг хойно тэр нэг оролцож буйгийнх бүхий л нөөц боломжоо дайчилж буй нь үзэгчдийн хүндэтгэлийг эрхгүй төрүүлсэн.
Зургаан жил эл спортоос холдсон түүний энэ зааланд ирсэн бас нэгэн шалтгаан нь ОХИН нь. ARLUNGOO.KH өмсгөлтэй бяцхан охин аварга аавынхаа "бэлтгэл хангагч" нь болж ажиллаж харагдана лээ. Спортод эв хав тун чухал. Тунчиг эв дүйтэй тоглох охин, түүнийг нь харж цугтаа тоглох аав хоёрын нь зураглал зааланд ч, сошиалд ч олны хайрыг татсан юм. Ийнхүү аав, охин хоёр хайр дүүрэн зураглалынхаа эцэст хүслээ биелүүлж ялалтын эзэн болов.
Өчигдрийн хувьд тэр ГОЛ ДҮР. Аваргын биеэ авч яваа байдал, зангараг олны хүндэтгэлийг хүлээсээр байна. Үүнийг нь өчигдрийн үйл явдал ч батлав. Түүнийг цаашид ч монгол бөхийн түүхнээ олон гол дүрийн эзэн болж явна гэдэгт итгэлтэй байна...
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!