ТҮҮНИЙ ТУХАЙ: Ажлынхаа хажуугаар гагнуур хийхийг сурч минимал тавилга урлан, өөртөө ажлын байр барьж буй ХӨДӨЛМӨРЧ ЗАЛУУ Ч.ОЧИРХҮҮ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 37 секунд

Үеийн залуусаас үзэл бодол, үг үйлдлээрээ онцгойрч өөрийн хүчээр ирээдүйгээ бүтээж яваа хөдөлмөрч залуу Ч.Очирхүүг UBN сайт онцолж байна. ШУТИС-ийг Механик инженер мэргэжлээр төгссөн Ч.Очирхүү одоо 25 настай. Мэргэжлээрээ ажиллахын зэрэгцээ ааваараа гагнуур хийхийг заалгаж, ажлын бус цагаараа захиалгаар МИНИМАЛ тавилга /зурагтын тавиур, гутлын тавиур/ хийдэг. Түүний ажил 14 хоног гараад 14 хоног амардаг. Амарсан үедээ тэр бусад залуусын адил гэртээ хэвтэж, гадуур зугаацахыг илүүд үздэггүй. Ажил хийж авсан цалингаараа сайн чанарын төмөр авч, түүнийгээ холбож, гагнаад эдэлгээ удаантай минимал тавилга хийдэг. Хийж буй ажилдаа сэтгэл зүтгэл гаргаж хандана. Хажуугаас нь аав нь зөвлөнө. Хамтдаа хийц, чанар сайтай бүтээгдэхүүнийг хэрэглэгчид хүргэхийг зорино. Түүнээс гадна хийж буй ажлынхаа явцыг бичлэг болгож өөрийн цахим хуудсандаа байршуулдаг. Түүнийг дагаж, түүнээс суралцдаг хүн олон бий.

Залуу хүний хувьд ажлаа голохгүйгээр хөдөлмөрлөх нь хамгийн чухал гэдгийг Ч.Очирхүү онцолж байсан юм. Ажлын хувцас өмсөж, гагнуур хийхийг хар, бор ажил гэж ярьдагтай санал нийлдэггүй тэрбээр хөдөлмөрлөж, хөлсөө гаргаж олсон мөнгө хамгийн амттай хэмээн ярина. Анх гэртээ гутлын тавиур хийж эхэлсэн Ч.Очирхүү өдгөө хүмүүсээс захиалга авч, хүссэн тавилгыг нь хийж өгдөг болжээ. Аавынхаа хийдэг ажилд түшиглэж, тавилга хийж байгаа учраас багаж, тоног төхөөрөмжийн асуудал тулгараагүй нь давуу тал. Тиймээс хийж бүтээх хүслийг нь дэмжиж, үргэлж зааж зөвлөдөг аавдаа баярлаж явдгаа тэрбээр хэлж байсан юм.

Энэ тухайгаа тэрбээр, "Дөнгөж эхэлж байгаа учраас ашиг олох гэхээсээ илүү туршлага хуримтлуулах, суралцах нь надад чухал. Тиймээс их ашиг харах тухай боддог ч үгүй. Тухайн захиалагчийнхаа хүсэл сонирхолд нийцүүлж хийхийн тулд олон бэрхшээлтэй тулгардаг ч захиалга бүрээс шинэ зүйлийг сурч мэддэг. Түүнээс гадна миний хийсэн тавилгыг хараад "баярлалаа" гэж чин сэтгэлээсээ хэлээд тааламжтайгаар гэр рүүгээ ачаад явж байгаа захиалагчаа харах төдийд л урамшина. Миний аав надад "Эхэлж байгаа хүнд мөнгө чухал биш. Хамгийн гол нь чадвараа ахиулахад төвлөр. Чи алдаагүй, төгс хийгээд сурчихвал тэр цагт мөнгө өөрөө ороод ирнэ" гэж хэлдэг. Би ч санал нийлдэг. Учир нь одоогоор би гэр бүл зохиогүй, аминд тулсан мөнгөний хэрэгцээ гарахгүй байгаа учраас суралцахдаа л төвлөрч байна" гэв.

-БАЙШИН БАРИХ ТУРШЛАГАГҮЙ Ч ӨӨРТӨӨ АЖЛЫН БАЙР БАРИХ ЗОРИЛГО ТАВИАД, АЛДАА ОНООТОЙ УРАГШИЛЖ БАЙНА-
Ч.Очирхүү хэзээ ч ажлаас зутгаж, хойш суудаггүй. Тийм ч учраас өөртөө ажлын байр барих зорилго тавьж, тавилга хийхийнхээ хажуугаар хашаандаа ажлын байр барьж эхэлсэн. Байшин барьсан туршлага байхгүй ч ааваасаа зөвлөгөө авч, барилгын ажлаа эхлүүлсэн. Хүйтрэхээс өмнө дуусгах зорилт тавьсан ч анх удаа байшин барьж буй Ч.Очирхүү олон бэрхшээлтэй нүүр тулснаар багагүй хугацаа алдсан. Хэдийгээр төлөвлөсөн хугацаандаа дуусгаж чадахаасаа өнгөрсөн ч ирэх хавар ашиглалтад оруулах зорилт тавьж, дулаахан өдрийг алдалгүй хөдөлмөрлөж байна.

Энэ тухайгаа тэрбээр, "Залуу насаа ханатал нь эдлэхийн тулд 14 хоног ажилчхаад амарсан 14 хоногтоо өөртөө цаг гаргаж, гарч орж, зугаал гэж зөвлөх хүнтэй бишгүй л таарч байсан. Гэхдээ би тэгж боддогүй. Ачаалал даах чадвартай залуу байгаа дээрээ шинэ зүйл суралцаж, өөрийгөө хөгжүүлэхэд цаг зав гаргах ёстой гэж боддог. Шоудаж, наргих хугацаа надад олдоно. Түүнээс гадна жирийн хүмүүс шиг л ажиллаад байвал би жирийн хүмүүс шиг л амьдрах болно. Онцгой байхын тулд онцгой их хичээл зүтгэл хэрэгтэй гэж боддог. Ямар ч мундаг хүний хувийн намтар, түүхийг уншихад нойр хоолоо хасан ажилласан тэр л залуу насны гал эрмэлзэлтэй үе нь хойшдын ирээдүйнх нь гол суурийг тавьсан байдаг. Зовохгүйгээр ирэх шагнал гэж хаа ч байхгүй. Амарсан өдрүүддээ өдөр тутмын тогтмол ажлаасаа илүү гарч, хийж байгаа зүйлээ сайжруулах, дараагийн шатанд нь аваачихтай холбоотой ажилд бага ч боловч цаг зарцуулахыг хичээдэг. Аав минь надад "Чиний сурсан зүйл хүнд хэцүү цаг үед чамайг тэжээнэ. Тиймээс сураад ав" гэж үргэлж хэлдэг. Тиймээс би ажлыг гололгүй хийж, нэг ч гэсэн шинэ зүйл сурахыг хичээдэг" гэв.

-ЗАЛУУЧУУД АЖЛЫГ "ХАР, БОР" ГЭЖ ГОЛДОГ БАЙЖ БОЛОХГҮЙ. ХҮН ӨӨРӨӨ ХИЧЭЭГЭЭД ХӨДӨЛМӨРЛӨЖ ЧАДВАЛ ЭНЭ САЙХАН ЭХ ОРОНД САЙХАН АМЬДРАХ НӨХЦӨЛ БОЛОМЖ БҮРЭН ДҮҮРЭН БАЙНА-

Үргэлжлүүлэн тэрбээр залуусдаа ингэж захилаа. "Эдийн засаг хямралтай, амьдрал хэцүү байна, Ажил олдохгүй байна гэх хандлаг их ажиглагдах болсон. Энэ нь бидний үеийн залуус оффист ажилладаг ажлыг илүүд үзэж, бусад ажлыг хар, бор гэж голдог болсонтой холбоотой. Намайг гагнуур хийж, байшин барьж байгаа бичлэгээ цахим хуудсанд оруулахаар залуучуудын хандлага сөрөг байгаа нь ажиглагддаг. Харин ах нар эсрэгээрээ магтаж сайшаадаг. Залуучуудад ажил олдохгүй байгаа шалтгаан нь энэ. Залуу хүн ажил голдог байж болохгүй. Оффист суугаад 1.5 сая төгрөгийн цалин авч, амралтын өдрүүдээ агаар салхинд гарч мөнгө үрэхэд зарцуулчхаад амьдрал хэцүү байна. Мөнгө, төгрөг, өр, зээл гэдэг. Гэтэл нөгөө талд тэдний хар бор гэж голоод хийхгүй байгаа ажил нь хийхэд хэцүү ч олдог мөнгө нь арвин. Ажлын байр элбэг байдаг. Товчхондоо бол хүн өөрөө хичээгээд хөдөлмөрлөж чадвал энэ сайхан эх оронд сайхан амьдрах нөхцөл боломж бүрэн дүүрэн байна. Үүнийг л олж харах хэрэгтэй байгаа юм" гэлээ.

Түүний хэлсэн үг үнэний ортой. Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн биржид 500 мянга гаруй ажлын байр эзнээ хүлээж байгаа ч ажил олдохгүй байна гэх шалтгаанаар гудамж метрлэж яваа залуучууд олон байна. Тэдгээр залууст дээрх ажлын байрыг санал болгоход хийхийг хүсдэггүй. Бүгд оффисийн, биед амар, хотын төвд байрлалтай, өндөр цалинтай ажил хийхийг хүсдэг. Гэтэл хүн өөрөө хүсээд, хөдөлмөрлөж чадвал өөрийгөө хөгжүүлж, байгаа орчиндоо өөрөө өөртөө ажлын байр гаргаж, үр шимийг нь хүртэх боломжтой гэдгийг Ч.Очирхүүгийн жишээнээс харж болохоор байна. Үеийнх нь залуус ажил хайж, олдсон ажлаасаа илүү гарч чадахгүй цалингаас цалингийн хооронд амь тэмцэн амьдарч байхад Ч.Очирхүү мэргэжлээрээ ажиллахын хажуугаар хувийн бизнесээ эхлүүлж, өөртөө ажлын байр барьж ирээдүйд минимал тавилгын брэндтэй болж, гаднаас орж ирэх урсгалыг өөртөө татах том зорилт тавьчихсан. Түүнийхээ төлөө нойр хоолгүй зүтгэж байна.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -2 хэм хүйтэн байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -2 хэм хүйтэн байна
 
Охин ээждээ “Багш намайг зодсон“ гэж хэлсэн учраас цэцэрлэгийн камерыг шүүж, тухайн багшийг цагдаад өгчээ
Охин ээждээ “Багш намайг зодсон“ гэж хэлсэн учраас цэцэрлэгийн камерыг шүүж, тухайн багшийг цагдаад өгчээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!