УИХ-ын гишүүн, МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны дарга Б.Баярбаатартай ярилцлаа.
Д.Энхтүвшин МАН-ын гишүүн биш гэж хэлснийхээ төлөө намын гишүүдээс уучлалт гуйх ёстой
-Та шинэ парламентад УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны даргаар ажиллаж байсан. Хорооны ажлаа давхар хийж байгаа юу. Дараагийн даргын асуудал хэзээ яригдах вэ?
- МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны дарга намын их хурлаас дараагийн их хурал хүртэлх хугацаанд сонгогддог улс төрийн сонгуульт албан тушаал. УИХ-ын тухай хууль болоод бусад холбогдох хуулиудад зааснаар УИХ-ын гишүүний хавсран гүйцэтгэж болох гурван ажил байдаг. Тодруулж хэлбэл, Засгийн газрын гишүүн байж болно. Хоёрдугаарт, улс төрийн сонгуульт албан тушаалтан байж болно. Гуравдугаарт, багш буюу эрдэм шинжилгээний ажилтан байж болно.
Тиймээс манай намын их хурал хуваариараа 2025 онд хуралдана. Түүгээр миний хувьд тайлан, илтгэлээ тавиад, ажлаа хүлээлгэж өгөх байх. Одоо бол давхар Хяналтын хороогоо ахлаад явж байна.
-Хяналтын хорооны даргын тань хувьд тодруулах зүйл байна. Ирэх оны төсвийн төслийн тэлэлтийг хамгийн их шүүмжилж, Засгийн газраас төслөө эргүүлэн татаж, зардлаа танаж оруулж ирэхийг шаардаж байгаа нэр бүхий гишүүдийн нэг нь танай намын гишүүн Д.Энхтүвшин байна. Тэрбээр өөрийгөө МАН-ын гишүүн биш гэж яриад байгаа. Шууд асууя, танай намын гишүүн мөн үү, биш үү?
- Өнгөрсөн парламентаар батлагдсан хамгийн том хууль бол Үндсэн хуулийн өөрчлөлт. Олон жилийн турш сонгуулийн олон тогтолцоогоор явж ирсэн. Тэр хэрээр ч засаж сайжруулах зүйлс байсан. Жишээ нь, МАН хоёр парламент дараалж олонх болохоор сүүлдээ нийгэмд яригддаг том шүүмжлэл нь нэг намын дарангуйлал тогтлоо гэдэг байсан. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол зорилго нь олон намын системийг сайжруулах, сонгуулийн холимог тогтолцоог бий болгож, гишүүдийн тоог нэмэгдүүлсэн явдал.
Д.Энхтүвшин гишүүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаа боломжийг нь бид Үндсэн хуулийн өөрчлөлтөөр нээж өгсөн. Гэхдээ олон улсын түвшинд авч үзвэл гишүүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байна гэдгээр нам болон намын бүлгээ үгүйсгэнэ гэсэн асуудал байж болохгүй.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин бол МАН-ын гишүүн мөн. Бид намын гишүүн биш хүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн бол нам өөрөө хууль зөрчсөн асуудал руу орно.
Өнөөдөр МАН улс орон даяар үйл ажиллагаа явуулдаг анхан шатны байгууллагуудтай. 300 гаруй мянган намын гишүүнтэй улс төрийн ууган хүчин. Энэ утгаараа манайх институцлэгдсэн нам. Нэр дэвшүүлэлтээ бид дотоод ардчиллын хүрээнд явуулдаг. Тиймээс бид өнөөдөр олон мянган намын гишүүдийнхээ итгэлийг тээж, олон сонгогчдын сэтгэлийг өвөрлөж энэ парламентад төлөөлж сууж байгаа. Ялангуяа жагсаалтаар сонгогдсон гишүүд асуудлыг илүү улс орны түвшинд харж ажиллах ёстой. Сонгуулийн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр нийгмийн төлөөллийг парламентад оруулах боломжийг илүү нээж өгсөн.
Манай намын хувьд МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Энхтүвшин гишүүнийг нэр дэвшүүлж оруулсан. Мэдээж МҮХАҮТ-ийг удирдаж байсан, бизнесийн байгууллагын төлөөлж байгаа хүний хувьд салбарынхаа эрх ашгийг хамгаалж намын бүлэг, Байнгын хороодод байр сууриа илэрхийлэх нь эрхийн асуудал. Үүнийг нь хэзээ ч хааж болохгүй. Гэхдээ тэр хэд хэдэн ноцтой зүйлсийг хэлсэн бололтой байна лээ. Түүний нэг нь “би намын гишүүн биш” гээд хэлчихсэн.
Тэгвэл намын гишүүнийг нь нотлох баримт надад байна. 2024 оны 5.29-нд гишүүнчлэлээ сэргээсэн. Нам дээр очоод бид нартай уулзаад явахаараа “би 1999 онд намд элссэн” гэж ярьдаг. Анкет дээрээ тийм юм билээ. Олон нийтийн өмнө, хэвлэлд гараад ярих болохоороо би намын гишүүн биш гэж ярьдаг нь өөрөө ёс зүйн асуудал. Дээр нь УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшсэн намын гишүүдтэйгээ МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ЕНБД Д.Амарбаясгалан, МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар, болон МАН-ын гишүүн Д.Энхтүвшин нарын байгуулсан хариуцлагын гэрээ нь байна. Гэрээнд нөгөө талаас МАН-ын жагсаалтын 9-д бичигдсэн Д.Энхтүвшин гэсэн бичиг, өөрийнх нь зурсан гарын үсэгтэй хамт баталгаажсан баримт ч байна.
СЕХ-нд хүргүүлсэн материалдаа хүртэл "Д.Энхтүвшин миний бие УИХ-ын ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшүүлэхийг зөвшөөрч байна" гээд гарын үсгээ зурчихсан. Ийм олон баримтууд нь түүнийг манай намын гишүүн мөн гэдгийг баталж байна шүү дээ. Харин өнөөдөр тэр ийм зүйл ярьсандаа МАН-ын гишүүдээсээ уучлалт гуйх ёстой хүн.
"Буцааж татуулах гээд байгаа төсвийнхөө гол концепцыг Д.Энхтүвшин өөрөө зуралцсан байдаг"
-Д.Энхтүвшин гишүүн намын дарга, ЕНБД, мөн Хяналтын хорооны даргатайгаа хариуцлагын гэрээ байгуулчихсан юм байна шүү дээ. Тэгвэл тэр хүний илэрхийлж байгаа үйлдэл гэрээгээ зөрчиж байна гэж үзэх үү. Хэрэв зөрчсөн бол шийтгэл нь юу байх юм бэ?
-Хариуцлагын асуудал мэдээж яригдана.
Ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд намын дүрмээр сануулах арга хэмжээ авна. Хамгийн хүнд хэлбэр нь намаас хөөнө.
Үнэхээр хууль зөрчигдсөн гэж үзэж байгаа бол хууль хяналтын байгууллага нь өөрсдөө үүнийг дүгнэж зөрчлийг нь гаргах ёстой. Бидэнд хууль тайлбарлах эрх байхгүй. Хууль зөрчсөнийг тогтоох эрх ч байхгүй. Харин намын дүрмийн хүрээндээ хэрэгжилтийг хангуулж ажиллах үүрэг нь хяналтын хороондоо хадгалагдаж байгаа.
Дараагийн нэг зүйлийг тодотгож хэлэхэд, 2024 оны наймдугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтад "Эдийн засгийн бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүн" гэж байна. Энэ зөвлөлийн дарга нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Тэгвэл Зөвлөлийн дэд дарга нь Д.Энхтүвшин гишүүн өөрөө байна шүү дээ.
Сонирхолтой нь энэ Зөвлөл өнгөрсөн наймдугаар сард хуралдаад өнөөдрийн төсвийн гол концепцыг гаргасан газар. Нөгөө шүүмжлэл дагуулаад байгаа 14 мега төслөөс авхуулаад бусад төсөл нь ингэж явна гэдэг зургийг зурсан.
Нэг үгээр хэлбэл хамтаараа гаргасан шийдвэрийнхээ эсрэг олон нийтийн өмнө гарч ирээд "попорч" байгаа нь ёс зүйн асуудал мөн. Ерөнхий сайдын хувьд Монгол төрийн дархлаа, улс орны ирээдүйн хөгжлийн төлөө шинэ Засгийн газарт АН, ХҮН намыг урьж оруулж ирсэн. Өнөөдөр бүх зүйл цахимжиж байна. Шилэн болж байна. Тэртээ тэргүй дараа нь аудитын хяналтаасаа эхлээд бүх зүйл нь тодорхой гарч ирэх асуудалд заавал улстөржүүлж асуудлыг хүндрүүлэх шаардлага байсан ч юм уу. Цаашлаад бид төсөв дээрээ нэгдэж чадахгүй талцсанаараа алдана л гэхээс хожихгүй.
-Д.Энхтүвшин гишүүнд хариуцлага тооцох процесс дүрмээрээ яаж явагдах вэ?
- МАН-ын Хяналтын Ерөнхий хороо эрхийнхээ дагуу гишүүний асуудлыг шалгана. Эхлээд өөртэй нь уулзаж нөхцөл байдлын талаар ярилцана. Яагаад МАН-ын гишүүн биш гэж хэлсэн тайлбарыг нь ядаж авъя. Түүний дараа асуудлууд шийдэгдээд явах байх.
-УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиас өмнө буюу тавдугаар сард гишүүнчлэлээ сэргээлгэсэн гэж таны харуулж байгаа баримтад дурдагдсан байна. Ямар шалтгаанаар гишүүнчлэлээ хасуулж байсан юм бэ?
-Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн тэнхимийн Ерөнхийлөгч чинь өөрөө нам бус байх ёстой. Тэр агуулгаараа саяын УИХ-ын сонгуулийн өмнө гишүүнчлэлээ сэргээж, нэр дэвшсэн гэсэн үг л дээ. 1999 онд намд элсээд 2000-аад оны үед МАН-ын дэргэдэх НАМЗХ гэж байсан. Холбооны удирдах зөвлөлд байсан анкет нь хүртэл байж байна /инээв/. Намд архивлагдаад үлдчихсэн. Үүний дараагаас бизнес эрхэлж яваад сүүлд МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдоод саяхнаас гишүүнчлэлээ сэргээгээд намдаа орж ирсэн хүн л дээ.
-Таны хувьд энэ парламентад мөн намынхаа жагсаалтаар сонгогдсон. Хууль тогтоогчийн хувьд ирэх оны төсвийн төслийг юу гэж харж байгаа вэ? Гишүүдийн зарим нь ЗГ-ыг төсвийн зарлагаа тана гэж шаардлага хүртэл хүргүүллээ шүү дээ.
- Төсөвт урсгал зардал 1.9 их наяд төгрөг болж нэмэгдсэн гэдэг агуулга байгаа. Ер нь жилээс жилд л төсөвт батлагдахад урсгал зардлууд тодорхой хэмжээгээр нэмэгдээд л явж ирсэн шүү дээ. Миний харж байгаа өнцгөөр урсгал зардал гээд байгаа зүйл чинь явж явж хувийн хэвшилд л очдог. Төсвийг ерөнхийлөн захирагч хувьдаа аваад хэрэглэчихгүй байх. Дээр нь хувийн ААН-ээ дэмжиж хөрөнгө оруулж байгаа нэг хэлбэр юм болов уу гэж л харж байна даа. Мөн бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний зардал гээд УИХ-д яригдаад явж л байна. Өнөөдөр төр бүх зүйлийг өөрөө хийх боломжгүй. Тэгж ч болохгүй. Тиймээс л чаддаг ААН-үүдээрээ улс оронд хэрэгцээтэй ажлуудаа хийлгэе л гэж байгаа юм. Мэдээж бүх зүйл хуулийн хүрээнд л явагдах ёстой.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн дүнд хийгдсэн энэ удаагийн сонгуулиар МАН жагсаалтдаа намын гишүүн биш нэг ч хүнийг дэвшүүлээгүй юу. Хэн нэгэн "би намын гишүүн биш" гээд дахиад гараад ирэх вий гэж бодлоо? мөн намын жагсаалтад сонгогчдын танихгүй олон хүн орсон байдаг шүү дээ.
- Жагсаалтад заавал олон нийтэд танигдсан хүн байх албагүй. Ерөөс бид энэ парламентыг нийгмийн салбар бүрийн төлөөллөөс бүрдүүлье гэж зорьж хуульчилж чадсан учраас жагсаалтаар нэр дэвшүүлэх хувилбарыг сонгуулийн тогтолцоондоо оруулж өгсөн. Гэхдээ намын гишүүн биш хүмүүсийг бид нэр дэвшүүлэхгүй. Дээр нь МАН өөрөө шат бүрдээ олон боловсон хүчинтэй улс төрийн ууган хүчин. Тэдгээр шилдэг залуучуудыг төлөөлж намын жагсаалтад орж байгаа хүмүүсийн хувьд заавал тодорхой түвшний ёс зүйн хэм хэмжээгээ баримтлах ёстой. Энэ бол үүрэг.
Өнөөдөр яагаад УИХ дахь МАН-ын бүлэг гэж байдаг юм бэ. Багаараа ажлаа зөвлөлдөж хамтын шийдвэрээ гаргах гэж шүү дээ. Мэдээж бүлгийн хуралдаанд үзэл бодол зөрөлдөх асуудал байж л байдаг. Тэр илэрхийлсэн зүйлээ санал хураалтаараа л шийддэг байх ёстой. Цөөнхдөө хүндэтгэлтэй хандаж, олонхынхоо шийдвэрийг дагах хэрэгтэй.
Улс төрийн намын тухай хуульд нийцүүлж намын ДҮРЭМД өөрчлөлт оруулна
-МАН-ын Хяналтын хорооны даргын үүргээ давхар гүйцэтгэж байгааг чинь олзуурхаад зарим зүйлийг тодруулъя. Өнгөрсөн парламентаар төрийн өндөр албан тушаалтнуудаас авхуулаад, төрийн өмчит компаниудын авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотойгоор таван ч удаагийн сонсгол боллоо. Сонирхолтой нь нүүрсний хэрэгт 17 улстөрчийн нэр холбогдож, танай намын гишүүн Т.Аюурсайхан УИХ-ын гишүүний бүрэх эрхээ түдгэлзүүлсэн. Мөн УИХ-ын гишүүн А.Анандбазар хүчингийн хэрэгт холбогдож шалгагдсан, Ж.Мөнхбат гишүүн мөн өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн гээд олон үйл явдал өрнөсөн. Эдгээр хүмүүсийг намын гишүүнчлэлээс нь хассан уу, хэчнээн хүн ер нь байна вэ?
- Нэгдүгээрт, аль ч шатны хяналтын байгууллага байсан бидэнд хууль зөрчсөнийг тогтоох эрх байхгүй. Хуулийг мөн тайлбарлах эрх байхгүй. Бид нар эрүү, иргэн, захиргааны шүүх шиг хариуцлага ноогдуулахгүй. Улс төрийн хариуцлага ноогдуулдаг гэдгээрээ ялгаатай. Улс төрийн хариуцлага гэхээр нэг талаасаа хөнгөн мэт сонсогдох боловч хувь хүндээ хүнд тусдаг хариуцлагын шийтгэл. Үндсэндээ бид тэр хүний улс төрийн амьдралыг дуусгаж байна л гэсэн үг шүү дээ. Гэхдээ яг ёс зүйн зөрчлөөс үүдэж асуудлыг шийдвэрлэдэг.
Ёс зүй гэдэг маань өөрөө их амаргүй зүйл шүү дээ. Нэг талаас нь харахаар мөн ч юм шиг. Нөгөө талаас нь харахаар биш ч юм шиг "мөнгөн ус шиг" хувирамтгай зүйл. Бид хариуцлага тооцохдоо хууль хяналтын байгууллагын шийдвэрт л үндэслэх ёстой. Өнөөдөр тухайн хүн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, яллагдагчаар татагдсан тохиолдолд улс төрийн хариуцлагын арга хэмжээ авдаг. Манай намын дүрэм маш хатуу. Гэмт хэрэгт холбогдсон л бол шууд намаас түдгэлзүүлчхэж байгаа юм.
-"Холбогдсон" бол уу?
-Тийм. Харин буруутай нь тогтоогдсон бол шууд намаас гарсанд тооцож шийдвэр гаргадаг.
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханыг шүүхээс гэм буруутайд тооцож, тогтоогоод ял шийтгэл оногдуулсан учраас намын гишүүнээс нь хассан. УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат, А.Анандбазар нарыг түдгэлзүүлсэн байгаа.
Өнөөдөр манай намын дүрэмд гэмт хэрэгт холбогдоод ял шийтгэл эдэлж байсан хүн намын ямар ч шатны улс төрийн сонгууль, албан тушаалд нэр дэвших эрх нь хаалттай. Зөвхөн Үндсэн хуулиар олгогдсон эвлэлдэн нэгдэх эрхээ эдлээд намын гишүүн байж болно. Түүнээс биш намын дотоод анхан шатны удирдах албан тушаалд дэвших ч эрхгүй гэсэн үг.
-Одоогоор яг хэдэн гишүүн түдгэлзсэн байгаа вэ?
- Яг тоо баримтаа харж байж хэлэхгүй бол болохгүй байгаа юм.
-Ер нь цаашид намын дүрэмдээ өөрчлөлт оруулах уу?
-Ер нь манай нам цаг цагаа дагаад дүрмээ сайжруулаад л явж байна. Сүүлийн үеийн манай намын дүрмийн өөрчлөлт гэвэл сахилга хариуцлагыг нэлээд чангатгасан дүрэм болсон. Одоо бид дахиад өөрчлөлт оруулна. Ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс Улс төрийн намын тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Хуульд нийцүүлж бид дүрэм дээрээ ажиллах зүйлс бий. Тухайлбал, төрөөс олгодог санхүүжилтийн хяналтын заалт бий. Энэ асуудал намын дүрэмд бүлэг болж орж ирнэ. Мөн манай нам дотоод үйл ажиллагаагаа цахим хэлбэрт шилжүүлээд явж байна. Анзаарсан бол шат, шатны байгууллагуудын хурлууд маань цахимаар ихэнхдээ явагдаж байгаа. Цаашид ч цахим хөгжлийг нэвтрүүлээд явна.
-Ярилцсанд баярлалаа