Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ИТХ-ын 9 дэх удаагийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаан өнөөдөр /2024.10.23/ 100 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааныг төлөөлөгчдийн хамгийн ахмад нь болох 4-р багаас сонгогдсон Д.Цэрэндулам даргалж нээсэн юм. Хуралдааны эхэнд сумын Сонгуулийн хорооноос сонгуулийн дүн мэдээллийг танилцуулж, мөн төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулан үнэмлэх энгэрийн тэмдгийг гардууллаа.
Үүний дараа хуралдааны дэгийг батлах асуудлыг хэлэлцэх үеэр АН-ын төлөөлөгч нар хуралдааны танхимыг орхиж гарсан юм. Учир нь АН-ын бүлгээс хуралдааны дэг дэх, Хэлэлцэж байгаа асуудлаар намын бүлгээс завсарлага хүсвэл санал хураалгаж, олонхоор шийднэ гэсэн заалтыг өөрчлөх саналыг гаргасан. Уг заалтыг өөрчлөх эсэхийг санал хурааж шийдэхэд олонх нь “өөрчлөхгүй” гэж гараа өргөсөн.
Энэ асуудлаар АН-ын талаас тайлбар өгөхдөө ""Асуудалд анхнаасаа олонхоор хүч түрж хандлаа. Цаашид ч ийм байдалтай хуралдаан явагдах юм байна" гэсэн аж.
Харин МАН-ын төлөөллөөс "АН-ын төлөөлөгч нар хуралдаан болон бусад төлөөлөгчдөд хүндэтгэлгүй, ёс зүйгүй хандаж байна. Сумын МАН-ын хорооноос АН-д албан бичгээр хандаад хүлээнэ" гэсэн юм.
АН-аас сонгогдсон төлөөлөгч хуралдааныг даргалж байсан учраас хуралдаан үргэлжлэх боломжгүй ийнхүү гацжээ.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!