Улсын Их Хурлын дарга ᠋Д.Амарбаясгалан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, тус хорооны гишүүн Л.Мөнхбаатар, М.Нарантуяа буюу Нара, Дав.Цогтбаатар, Б.Бат-Эрдэнэ, Ц.Сандаг-очир, Х.Тэмүүжин, У.Отгонбаяр нар Шүүхийн сахилгын хороонд ажиллаж сахилгын хорооны дарга, гишүүдтэй уулзаж санал солилцлоо.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уулзалтыг нээж хэлсэн үгэндээ шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, иргэдийнхээ Үндсэн хуулиар олгогдсон шударга шүүхээр шүүлгэх эрхийг эдлүүлэх боломжийг нэмэгдүүлэхэд бид юунд анхаарах вэ гэдэг асуудлыг тодорхойлохын тулд өнөөдрийн уулзалтыг хийж байгааг онцлоод, УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлж, Монгол Улсын 2025 оны төсвийг хэлэлцэж буй энэ цаг үед шүүх эрх мэдлийн байгууллагын төсвийн хараат бус байдлыг бий болгоход УИХ-аас анхааран ажиллана гэдгийг цохон тэмдэглэв.
Уулзалтаар Шүүхийн сахилгын хорооны дарга, дэд профессор Ц.Давхарбаяр Шүүхийн сахилгын хорооны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны нээлттэй ил тод байдал, цахим шилжилт, хүлээн авсан өргөдөл мэдээлэл түүний шийдвэрлэлтийн талаар танилцууллаа.
Тодруулбал Шүүхийн сахилгын хороо 2024 оны хагас жилийн байдлаар /өссөн дүнгээр/ нийт 1107 өргөдөл хүлээн авснаас 480 шүүгчид нь сахилгын хэрэг үүсгэж, 603 шүүгчид нь сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн талаар мэдээлэл өгөв.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар сахилгын хорооны гишүүдийн ажил үр дүнтэй байснаар иргэн хуулиар хамгаалагдсан эрхээ эдэлж, эрх чөлөөтэй амьдрах боломж нөхцөл бүрдэнэ. Иймд Улсын Их Хурлаас бүх талаараа дэмжин ажиллана гэв.
Сахилгын хорооны үйл ажиллагаатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Дав.Цогтбаатар, М.Нарантуяа-Нара, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин нар Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагаа, эрх зүйн байдал, эдийн засгийн баталгаатай холбоотой зарим асуудлаар байр сууриа илэрхийлж асуулт асуун хариулт авлаа. Мөн Монгол Улсын 2025 оны төсвийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Шүүхийн сахилгын хорооны гишүүн Х.Хашбаатар, С.Эрдэнэчулуун, С.Энхтөр нар асуулт асууж хариулт авлаа. Мөн хорооны үйл ажиллагаатай холбоотой зарим асуудалд тайлбар хийж мэдээлэл өгсөн юм.