УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. АН-ын ЕНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ганибал:
-Орон нутгийн сонгууль улс орон даяар амжилттай боллоо. АН энэ удаагийн сонгуульд 330 сумаас 159 суманд ялалт байгуулсан. 21 аймгаас 7 дээр нь мөн ялсан. Есөн дүүргээс 1-ийг нь авлаа. Нийслэлд АН ялагдсан. Аймаг, нийслэлд нэр дэвшсэн нийт 794 төлөөлөгчдөөс АН 332-ыг нь авсан. Энэ нь өнгөрсөн 2020 оны орон нутгийн сонгуулийн үзүүлэлтээс өссөн гэсэн үг. Нийслэлийн хувьд санал хураалтыг 20:00 цагт хааж, баасан гарагт санал хураалт явуулсан нь ирц бага байхад нөлөөлсөн. Нийслэлийн МАН нийт сонгогчдын 16 орчим хувийг авч ялалт байгууллаа. Энэ нь зөвхөн өөрсдөдөө зориулсан дүрмийг бий болгож ялалт байгуулсан. Тиймээс сонгуультай холбоотой хууль дүрэм дээр анхаарч ажиллах шаардлагатай болсон байна. Бүлгийн хурлаар ажлын хэсэг байгуулахаар болсон.
Намын дүрэм дээр амжилт гаргаагүй намын дарга нарыг хоёр сарын дотор өөрчлөх заалттай. Мэдээж улс төрийн соёл гэж бий. Амжилтаа бууруулсан доод шатны намын дарга нар өөрсдөө өргөдлөө өгдөг. Өгөөгүй тохиолдолд хоёр сарын дотор өөрчилдөг.
Орон нутгийн сонгуулиар нийслэлийн үр дүнг харахад АН ялагдсан. Гэхдээ тоог нь харахаар 10 сонгогч тутмын 6 нь ирж саналаа өгсөнгүй. Тэгэхээр таван хүн тутмын нэг нь л нийслэлийн удирдлагыг сонгосон байна шүү. Эрх баригчид үүнийг мэдэрч харна биз ээ. Бид алдааг бусдаас хайдаг зангаа энэ удаа өөрчилж, өөрөөр харья. Ер нь АН улстөрийн байр суурь дээрээ дүгнэлт хийх цаг болжээ.
2016 оноос хойш 3 удаагийн УИХ, 3 удаагийн орон нутгийн сонгууль, 2 удаагийн Ерөнхийлөгийн сонгууль буюу нийт 8 удаагийн сонгуулийн 7-д нь АН үнэмлэхүй ялагдлаа. Энэ нь Доржийг Дондогоор сольсноор шийдэгдэх асуудал мөн үү биш үү. Тиймээс бид энэ алдаа оноогоо дүгнэх цаг болжээ.
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!