Засгийн газраас УИХ-д өргөн бариад буй 2025 оны төсвийн төсөлд зарлагыг 35.6 их наяд төгрөг, орлогыг 33.7 их наяд төгрөг байхаар төлөвлөөд буй. Тэгвэл зарим сайд нарын багцад төлөвлөсөн үйл ажиллагааны санхүүжилт тооцоо, судалгаа хийгдээгүй, өндөр дүнтэй хэр нь үр ашиггүй ажлуудыг төлөвлөсөн талаар Аудитын газар тайландаа дурдаж дүгнэлт гаргажээ.
Тухайлбал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагийн ирэх оны төсөвт төлөвлөсөн үйл ажиллагааны санхүүжилтийн багцад “Нэгдсэн Үндэстний Байгууллагын "Цөлжилттэй тэмцэх тухай" суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурлын байгууламжийн барихад 50 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Гэвч уг санхүүжилтийн эх үүсвэрийн судалгаа, тооцоолол хийгдээгүй, төсөвт нөлөөлөх ачааллын талаар дүгнэлт гаргаагүй аж.
Мөн Гадаад харилцааны сайдын багцад төлөвлөгдсөн 12.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй “Дипломат корпус” олон улсын мэдээлэл солилцоо, ёслол, арга хэмжээний төв байгуулах зардал тусгагджээ.
Дээрх байгууламжууд нь шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 182.4 тэрбум төгрөгийн 5 барилгын хоёр нь бөгөөд нийт 62.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр ирэх оны төсвийн төсөлд төлөвлөгдсөн байна.