УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн буюу 2024.10.04-ний өдрийн нэгдсэн хуралдаан яг одоо Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Түвшин: Засгийн газраас оруулж ирж байгаа төсвийн төсөл төсвийн хүрээний мэдэгдэл дээрх тоонуус зөрүүтэй байгаад байна. Өөрөөр хэлбэл хэт өөдрөг, зардлаа өсгөсөн байгаа учраас төсвийн тэнцвэржүүлсэн орлого, төсвийн зардал, алдагдлыг бодит тоогоор нэг хувиар өсгөхөд л 9 тэрбум төгрөгөөр зөрж өсөж байгаа юм. Энэ талаас нь Засгийн газар анхаарч харах хэрэгтэй байх гэж бодож байна. Хоёрдугаарт, аль намын мөрийн хөтөлбөр эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулна гэсэн. Гэтэл 2025 оны төсвийн зарлагыг ДНБ-ний 37.7 хувиар оруулж ирж байгаа нь төрийн оролцоо маш өндөр хувьтай байгааг харуулж байна. Үүнд хамтарсан засгаа байгуулсан гурван нам мөрийн хөтөлбөрөө зөрчсөн хандлага гарч байна.