Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгууль ирэх аравдугаар сарын 11-нд улс орон даяар явагдана. Энэ удаагийн сонгуулиар нэр дэвшигчид 2393 тойрогт 8031 мандатын төлөө өрсөлдөх юм.
Тэгвэл маргааш /2024.09.26/ нэр дэвшигчид албан ёсоор нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авснаар сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Сурталчилгааны хугацаа 14 хоног бөгөөд санал хураах өдрөөс нэг хоногийн өмнө буюу аравдугаар сарын 9-ний 23:59 цагт сурталчилгааг зогсооно. Тодруулбал,
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 38.1-д “Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно” гэж заажээ.
Мөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 31.10-д “Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ” гэж заасан байна.