Монголын ард түмэнд Даян хаан, Чилүгэний дүрээр хайрлагдсан уран бүтээлч. Тэр монголчуудын хайртай жүжигчдийн нэг. Тайз, дэлгэцийн урлагт азтай, одтой явсан жүжигчин Жамсрангийн Сүххуяг дэлгэцийн олон бүтээлд өөрийн гэсэн өвөрмөц дүр төрхийг монголчууд бидэндээ үлдээн тэнгэрийн орондоо морилжээ.
Ж.Сүххуяг 1982 онд УБДС-ийн кино драмын ангийг Д.Маамхүү, Б.Мөнхдорж багш нарын удирдлага дор жүжигчин мэргэжлийг эзэмшиж төгссөн юм..
Кинонд тоглох гараагаа 1977 онд “Давааны цаана даваа” киноны Жаргалын дүрээр эхэлсэн байдаг. Үүнээс хойш нийтдээ 20 гаруй кинонд дүр бүтээсэн юм. Тухайлбал 1979 онд “Үүрийн цолмон” киноны Баяраа, 1981 онд “Цэрэг эрсийн жирийн өдрүүд” киноны Амараа, “Хатанбаатар” киноны Сундуйсүрэн, 1984 онд “Тань руу нүүж явна” киноны Очир, “Намрын халуун өдрүүд” киноны Нацагдорж, 1985 онд “Ацаг шүдний зөрүү” киноны Ананд-Очир, 1986 онд “Намар нахиалсан мод” киноны Самдан багш, 1988 онд “Мандухай сэцэн хатан” киноны Батмөнх Даян хаан зэрэг олон кинонд гол болон туслах дүр бүтээжээ.
Талийгаачийн гэр бүл болон төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.