Маргааш "автомашингүй өдөр-2024” болно. Энэ бямба гарагт тэмдэглэх уг арга хэмжээний хүрээнд өглөөний 07:00 цагаас оройны 18:00 цагийн хоооронд зарим байршлын автозамын хөдөлгөөнийг түр хязгаарлах юм. Тодруулбал,
- Хойд чиглэлдээ СУИС-ийн уулзвар, Хүнсний IV дэлгүүрийн уулзвар, баруун талдаа Дарь-Эхийн уулзвар, Сансрын тунель, Зүүн 4 зам, Бөхийн өргөө,
- урд талдаа “Шангрила”-гийн уулзвар, Хүүхдийн ордны уулзвар, зүүн талдаа “Өгөөж”-ийн уулзвар, Баруун 4 зам, “Бөмбөгөр” худалдааны төвийн уулзвар, Гэсэр сүмийн уулзвар гэсэн байршлууд дээр өмнөх жилүүдтэй адилхан түвшинд хөдөлгөөнийг түр хязгаарлаж, цагдаагийн албан хаагчид хяналт тавьж ажиллах юм.
Зам хааж буй 310 орчим цэг дээр 360 гаруй албан хаагч ажиллана. Дээрх нэршил бүхий байршил дотор тээврийн хэрэгсэл зорчихгүй гэсэн үг. Тухайн байршилд амьдарч байгаа хүмүүс ч гэсэн журмыг дагана гэдгийг ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Очирбат хэлж байв. Мөн автомашингүй өдрөөр дээрх хаасан авто замуудад цахилгаан мотоцикл, цахилгаан дугуй, цахилгаан скүүтэр, суррон зэргийг хөдөлгөөнд оролцуулахгүй юм байна. Явганаар хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийг гэмтээхгүйн тулд эдгээр тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй.