УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрын 2023 оны гүйцэтгэлд хийсэн аудитын тайланг хэлэлцсэн билээ. Бид өмнө нь сайд нарын төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын тусгай сангуудад илэрсэн зөрчлийн мэдээллийг мэдээлсэн. Тэгвэл энэ удаа гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй төслүүдийн санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтээр ямар ямар зөрчлүүд илэрснийг хүргэж байна.
ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ: Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг тооцоо судалгаанд үндэслэж батлаагүйгээс "Махны салбарыг дэмжих экспортод чиглэсэн мал эмнэлгийн хорио цээрийн дэглэм бүхий тусгаарласан бүс байгуулах тоног төхөөрөмж нийлүүлэх" 13.7 тэрбум төгрөгийн ажил хийгдээгүй.
ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛИЙН ҮЕД БОЛОВСРОЛЫН ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ: Цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил гүйцэтгэх 4.8 тэрбум төгрөгийн ажил хугацаандаа дуусаагүй. Үүнээс болж материалын үнэ 0.9 тэрбум төгрөгөөр өссөн, 75 хувийн гүйцэтгэлтэй.
УЛААНБААТАР ХОТЫН ДУЛААН ХАНГАМЖИЙН ҮР АШГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСӨЛ: Төсөл хэрэгжих хугацаанд 65.7 тэрбум төгрөг зарцуулснаас "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК тооцоо нийлсэн актаар 32.4 тэрбум төгрөгийг баталгаажуулсан боловч 33.3 тэрбум төгрөгийн зөрүүг урьдчилж гарсан зардалд тайлагнаагүй.
ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ ТӨСӨЛ: Төсөл хэрэгжих хугацаанд оюутны сургалтын тэтгэлэгт олгосон 14 тэрбум төгрөгийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй
БАРУУН БҮСИЙН БОСОО ТЭНХЛЭГИЙН АВТО ЗАМЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨР ТӨСӨЛ-2: Төслийн хэрэгжих хугацаа дууссан Ховд сум чиглэлийн авто зам барих ажлын гүйцэтгэл 36.9 хувь, Эрдэнэбүрэн сум чиглэлийн авто зам барих ажлын гүйцэтгэл 68.9 хувьтай. Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгалгүйгээр 2.8 тэрбум төгрөгийн шууд худалдан авалт хийсэн.
УЛААНБААТАР ХОТЫН ГЭР ХОРООЛЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР: Тайлант онд 23.4 тэрбум төгрөгийн өр үүсгэсэн. 169.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг ашиглагч байгууллагад шилжүүлээгүй, гэрээний хугацаа дууссан цэцэрлэгийн барилгын ажил 17.2 хувийн гүйцэтгэлтэй, 0.8 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан боловч барилгын ажил огт хийгдээгүй.
ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨДӨӨГИЙН ХӨГЖИЛ НЭГЖ: Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуурыг хангаагүй банканд 6.6 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй байна.
Гадаадын зээл тусламжаар санхүүжсэн 10 төсөл хөтөлбөрийн бусад эргэлтийн хөрөнгө, дуусаагүй барилга байгууламж, урьдчилж гарсан зардал дансанд бүртгэлтэй нийт 534.1 тэрбум төгрөгийн хөрөнгийг эзэмшигч, ашиглагч байгууллагад шилжүүлээгүй зөрчлүүд илэрсэн байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!