Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар авто замын ачааллыг бууруулах зорилгоор “Еcomobility” аянг эхлүүлжээ. Улаанбаатар хотод 750 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас өдөрт дунджаар 600 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог. Улаанбаатар хотын авто машин зам дээрээ багтахаа больсон нь түгжрэлийн гол шалтгаан билээ. Бүртгэлтэй авто машинуудыг чөлөөтэй зорчуулахын тулд одоо байгаа авто замаа гурав дахин нэмэгдүүлэх шаардлагатай гэж НЗДТГ-аас мэдээлж байна.
Мөн Хотын дарга Х.Нямбаатар "Төрийн болон хувийн аж ахуйн нэгжүүдийг түгжрэлийг бууруулах аянд нэгдэж, санал болгож байгаа зүйл бол ажилчдын автобусыг биднээс авч төлбөртэйгөөр хэрэглээч гэж байгаа юм. Автобусны парк шинэчлэл дуусаж байгаатай холбоотойгоор өмнө хэрэглэж байсан шинэвтэр автобуснуудыг ажилчдын автобус хэлбэрээр явуулж замын хөдөлгөөнд нэгэн зэрэг олон машин оролцохоос сэргийлэх боломж бас үүслээ. Энэ тал дээр хувийн хэвшлийн томоохон компаниуд нийгмийн хариуцлагаа ухамсарлан оролцоно гэдэгт найдаж байна.
Зөвхөн олон нийтийн хичээл зүтгэлээр түгжрэлийн асуудалтай тэмцэх гэж байна гэж битгий ойлгоорой. Энэ бол түр зуурын арга хэмжээ ч цаашид хэрэгжүүлж хэвшвэл мөнхүү хотын соёл билээ. Бид бүхний хувьд метроны төслөө гараанаас нь гаргаж зөвлөх компаниа сонгон шалгаруулаад байна. Тойрог хурдны замын төслийн ажлыг эхлүүллээ. Cable car буюу дүүжин тээврийг Францын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр хоёр тал ажлаа эхлүүлээд байна. Төмөр замын огтлолцлын нүхэн гарцуудыг орчин үеийн жишигт нийцүүлэн шинээр байгуулах ажлуудыг ч хэрэгжүүлж эхнээсээ ашиглалтад ороход бэлэн болжээ. Хүн нэг бүр Улаанбаатар хотоо өөрийн гэр, энд амьдарч буй ах дүүсээ гэр бүлийн гишүүн мэт санаж, дор бүрнээ ухамсарлан хичээвээс хүндрэл бэрхшээлтэй цаг үеийг туулан гарахад улам амар болох билээ” гэв.