Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Их Хурал 126 гишүүнтэй болж, шинээр байгуулагдсан парламент үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа билээ. Улсын Их Хурлын гишүүдийн тоо нэмэгдсэнтэй холбогдуулан УИХ-ын Тамгын газрын чиг үүргийг нарийвчлан, бүтэц, зохион байгуулалтын зарим өөрчлөлтийг хийжээ. Энэ талаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж УИХ-ын Тамгын газрын ажилтнуудад танилцууллаа.
Шинэ бүтцийн дагуу УИХ-ын Тамгын газар хууль, эрх зүйн асуудал хариуцсан Тэргүүн дэд дарга, хяналт шалгалт, үнэлгээ мониторингийн асуудал хариуцсан дэд дарга, хэвлэл мэдээлэл, хууль сурталчлах болон олон нийттэй харилцах асуудал хариуцсан дэд даргатай байх юм.
Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, хууль сурталчлах болон олон нийттэй харилцах асуудал хариуцсан дэд даргаар Эрдэнийн Лхагвыг томилсон байна. Э.Лхагва нь МонголТВ телевизийн мэдээний албаны ерөнхий продюсер, Хасбанкинд олон нийтийн харилцааны мэргэжилтэн, Сангийн яаманд дэд сайдын туслах, "Оюутолгой"-н Хамтын ажиллагаа, мэдээлэл харилцааны газрын Eрөнхий менежерээр ажиллаж байсан аж.