Монголын жүдо бөхийн холбоо 2022-2024 он буюу Токио-Парис хүртэлх зуны олимпын мөчлөгийн тайлангийн хурлаа зохион байгуулж, холбооны үйл ажиллагаа, шигшээ баг хамт олон дасгалжуулагчид, тамирчдын амжилт ялалт, алдаа оноон дээр дүгнэлт хийв. Уг хуралд Холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, МУХБаатар, МУГД зөвлөх дасгалжуулагч Ч.Насантогтох, Дэд Ерөнхийлөгч Д.Цогтбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл, Жүдо бөхийн холбооны ажилчид, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар тэргүүтэй дасгалжуулагчид, Үндэсний шигшээ багийн тамирчид оролцов.
2022-2024 онуудад ДАШТ-дэд оролцсон дасгалжуулагч, тамирчид тус бүрийн дүгнэлт тайлан, 2024 оны зуны олимпын наадамд оролцсон багийн дасгалжуулагчид, тамирчдын дүгнэлтийн талаар дэлгэрэнгүй ярилцав. Уг хурлын үеээр Токио-2020, Парис-2024 хоёр зуны олимп дараалан “Үндэсний шигшээ баг”-г ахлан ажилласан МУГД, МУГТ Х.Болдбаатар амласан зорилт болох олимпын аваргыг дахин төрүүлэх, олимпын наадмын алтан медаль Монгол улсдаа авчрах зорилго, ажлын үр дүнгээ хангалтгүй хэмээн үзэж албан ёсоор ахлах дасгалжуулагчийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ холбооны ерөнхийлөгчид хүргүүллээ.
Мөн 2024-2028 онуудад өсвөр, залуучуудын ангилалд олон улсын тэмцээнийг зохион байгуулах, залгамж тамирчид дээр анхаарахаа цохон тэмдэглэв. Албан ёсоор Лос Анжелесын олимпын цикл өнөөдрөөс эхэллээ.