Монголын парламентын бүлгэмийн анхдугаар хурлыг өнөөдрийн (2024.08.26) чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд хийлээ. Анхдугаар хурлаар Улсын Их Хурлын гишүүдийг Монголын парламентын бүлгэмийн гишүүдээр батлан, бүлгэмийг шинэчлэн байгуулсан тогтоолыг гаргах, Бүлгэмийн дүрмийг батлах, Гүйцэтгэх хорооны дарга, дэд дарга, гишүүдийг сонгох болон Гүйцэтгэх хороог байгуулж тогтоол гаргах зэрэг асуудлыг хэлэлцэв. Хурлын эхэнд, 2024 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан Улсын Их Хуралд Монголын парламентын бүлгэмийг шинээр байгуулах тухай тогтоолын төслийг хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан уншиж танилцуулсан юм.
Монголын парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хороог 13 гишүүнтэй байхаар, Гүйцэтгэх хорооны дарга, дэд дарга, гишүүдэд Улсын Их Хурал дахь намын бүлгүүд болон, Улсын Их Хуралд суудалтай нам, эвслүүдээс нэр дэвшүүлэх гишүүдийнхээ нэрсийг бичгээр ирүүлнэ гэж заасны дагуу ирүүлсэн нэр дэвшигчдийн нэрсийг уншиж танилцууллаа.
Гүйцэтгэх хорооны даргаар
- Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа,
- Гүйцэтгэх хорооны дэд даргаар Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл,
- Гүйцэтгэх хорооны гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл,
- О.Батнайрамдал,
- Э.Болормаа,
- С.Зулпхар,
- Ц.Идэрбат,
- М.Мандхай,
- Б.Жаргалан,
- С.Эрдэнэболд,
- Б.Мөнхсоёл,
- А.Ундраа,
- Б.Батбаатар нарын гишүүдийг дэвшүүлжээ.
Монголын парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хорооны дарга, дэд дарга, гишүүдэд нэр дэвшигчдийг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжиж, бүрэлдэхүүнийг баталсан тогтоолын төслийг хуралдаан даргалагч уншиж танилцуулав. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан бүлгэмийн нийт гишүүд, шинээр сонгогдсон Гүйцэтгэх хорооны дарга, дэд дарга, бусад гишүүдэд амжилт хүссэнээр хурлыг үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дэд дарга, Монголын парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хорооны дарга Х.Булгантуяа удирдсан юм. Тэрбээр, бүлгэмийн дүрэмд Улсын Их Хурлын гишүүн хоёр талын парламентын бүлэг байгуулж, даргаар ажиллах болон парламентын бүлэгт дэд дарга, гишүүнээр элсэж ажиллах хүсэлтээ бичгээр ирүүлнэ гэж заасныг тодотгов.