ХЭҮК-оос хүргүүлсэн зарим шаардлагыг биелүүлээгүй албан тушаалтнуудын талаар мэдээлэл өгөв. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд Комиссын гишүүний шаардлага хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор, зөвлөмж хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар бичгээр хариу мэдэгдэх үүрэгтэй аж.
Гэвч дараах эрх бүхий албан тушаалтнууд Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлээгүй, хариу өгөөгүй байна. Үүнд:
1. Нийслэлийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын ажил олон жил ашиглалтад орохгүй удсанаас сурагчдын сурч боловсрох эрх зөрчигдөж байх тул тус өргөтгөлийн барилгыг яаралтай ашиглалтад оруулах бүх талын арга хэмжээг авах тухай Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайдад хүргүүлсэн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шаардлагын хариуг 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дотор ирүүлэх байсан боловч хариу ирүүлээгүй. Монгол Улсын Засгийн газар шинээр байгуулагдаж, салбарын сайд өөрчлөгдсөн тул Комиссын гишүүний шаардлагыг шинэ сайдад танилцуулж биелэлтийг ирүүлэх тухай албан бичгийг Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргалд хүргүүлсэн боловч мөн хариу ирүүлээгүй.
2. Нийслэлийн хэмжээнд дахин төлөвлөлт хийгдсэн болон ойрын хугацаанд хийгдэхээр төлөвлөж байгаа газруудад оршин суугаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрхийн судалгааг гаргаж, эхний ээлжинд төлөвлөлтөд хамруулах арга хэмжээ авах тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хүргүүлсэн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн зөвлөмжийн хариуг 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дотор ирүүлэх байсан боловч хариу ирүүлээгүй. Салбарын сайд өөрчлөгдсөн тул Комиссын гишүүний зөвлөмжийг шинэ сайдад танилцуулж биелэлтийг ирүүлэх тухай албан бичгийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзулд хүргүүлсэн боловч мөн хариу ирүүлээгүй байна.
3. Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт хийсэн хөдөлмөрлөх эрхийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах тухай Эрүүл мэндийн сайдад хүргүүлсэн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн зөлөмжийн хариуг 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дотор ирүүлэх байсан боловч хариу ирүүлээгүй.
4. Орон нутгийн хэмжээнд хүний эрхийн асуудлыг сайжруулах, хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллах тухай Өвөрхангай аймгийн Засаг дарга И.Доржсүрэнд хүргүүлсэн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн зөвлөмжийн хариуг 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн дотор ирүүлэх байсан боловч хариу ирүүлээгүй.
5. Дулааны цахилгаан станц-2 ТӨХК-д хийсэн хяналт шалгалтаар илэрсэн эвлэлдэн нэгдэх, хөдөлмөрлөх эрхийн зөрчлийг арилгуулах тухай Эрчим хүчний сайдад хүргүүлсэн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн зөвлөмжийн хариуг 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн дотор ирүүлэх байсан боловч хариу ирүүлээгүй.
6. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/154 дүгээр тушаалаар баталсан “Төмөр замын техник ашиглалтын журам”-ын 9 дүгээр бүлэгт заагдсан “Сэлгээний үеийн дуут дохио” хэсгийг Гранд вилла хотхоны оршин суугчид, нэн ялангуяа эх нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг хангах үүднээс өөрчлөх боломж байгаа эсэхийг бодитойгоор судлан үзэж, шийдвэрлэх тухай Зам, тээврийн сайдад хүргүүлсэн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн зөвлөмжийн хариуг 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн дотор ирүүлэх байсан боловч хариу ирүүлээгүй байна.