“Хойд бүсийн хөгжлийн төв”-ийн удирдах зөвлөлийн хурлаар төвийн бүтэц бүрэлдэхүүний шинэчлэл, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, Удирдах зөвлөлийн даргаар Ү.Амарбатыг сонголоо. Ү.Амарбат нь Эрх зүйч мэргэжилтэй, Эрдэнэт хотод төрсөн бөгөөд тус төвийн үүсгэн байгуулагчдын нэг юм.
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд туссан Хойд бүс болох Хөвсгөл, Орхон, Булган аймгууд нь хөгжлийн тэргүүлэх чиглэлээ хүнд үйлдвэр, шинжлэх ухаан инноваци, хөдөө аж ахуй, аялал жуулчлал хэмээн тодорхойлсон байдаг. Бүс нутагт хөгжлийг түргэтгэх, Бүсчилсэн хөгжлийн зорилтуудыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хойд бүсийн хөгжлийн төв”-ийг 2023 оны 12-р сард үүсгэн байгуулсан. Өнгөрсөн хугацаанд бодлогын баримт бичиг боловсруулах, судалгааны ажлууд болон олон нийтийг хамарсан томоохон үйл ажиллагаануудыг тус төвөөс амжилттай зохион байгуулж ирсэн юм.
“Хойд бүсийн хөгжлийн төв”-ийн Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Д.Үүрийнтуяа УИХ-ын гишүүнээр сонгогдсон тул цаашид төвийн зөвлөхөөр ажиллахаар болжээ.