Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

FLASH хамтлагийн гишүүн Г.Мягмарцэнд /Мийгаа/: Сонсогчдодоо мартагдахгүйн тулд одооноос уран бүтээлдээ шамдана

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
10 минут 13 секунд

Хэзээ ч сонссон чихэнд тань эчнээ танил хэвээр байж, аманд тань өөрийн эрхгүй аялагддаг дуунууд бий болов уу. Магадгүй "Хайрлах хүсэл", "Хайрлаж чадах уу", "Хайрын нулимс" зэрэг Flash хамтлагийн олон дуу таны дурсамжтай цуг байдаг гэдэгт итгэлтэй байна. Уран бүтээлээсээ хэсэг хугацаанд завсарлага аваад байсан эл хамтлаг өнгөрсөн жилээс урлагт эргэн ирж, сонсогч фенүүдээ баярлуулсан. Тэгвэл тэд тун удахгүй "хайрын" гэх автортой Мөнхийн реп, NoName, Outlaw хамтлагуудтай нэгэн тайзнаа дуулах гэж байна. Тоглолтын бэлтгэл ажлынх нь дундуур Flash хамтлагийн гишүүн Г.Мягмарцэнд /Мийгаа/-тэй ярилцсанаа хүргэе.

-"Хайрын" гэх автортой дөрвөн хамтлаг нэгэн тайзан дээр тоглохоор болжээ. Тоглолтын бэлтгэл ажил гээд тун завгүй байна уу. Хугацаа ч бага үлдэж?

-Нэлээн завгүй өдрүүд үргэлжилж байна. Наадмаас хойш гэх үү дээ /инээв/. Аймаг, сумдын 100 жилийн ойгоор нэлээн явлаа. Үргэлжлээд наймдугаар сарын 9-нд нэгэн цаг үед нэг дор уран бүтээлээ туурвиж байсан дөрвөн хамтлагийн хамтарсан шоу тоглолт болох гэж байна. Бэлтгэл ажилдаа орчихсон, завгүй л өнгөрч байна.

-Ганцхан тоглолт гэлтгүй бусад цаг үед танай хамтлаг бэлтгэлээ хийсээр байна уу. Хажуугаар нь хувийн ажлуудаа ч амжуулах шаардлага гарч байгаа байх?

-Тэгэлгүй яах вэ. Гэхдээ дуундаа дуртай учраас үүнээсээ холдохгүй. Хамтлаг яг одоогоор шинэ уран бүтээлийн ажилд ороогүй байна. Сониноос саяхан зарим нэг нөхдүүдийн яриаг сонсох нь ээ, хувь хувийнхаа ажлуудыг амжуулчихсан байна лээ. Манай хамтлаг 2006 онд байгуулагдаж байсан. 2026 онд манай хамтлагийн 20 жилийн ой болно. Ойгоо угтаж, төлөвлөсөн ажлууд руугаа орсон байгаа.

-20 жил гэдэг бага хугацаа биш шүү дээ. Энэ хугацаанд уран бүтээлийн хувьд замыг туулж ирсэн гэж хардаг вэ. Хэсэг завсарлага авсан үе ч байлаа шүү дээ?

-Эргээд харахад, цаг хугацаа их хурдан юм. Нэг л мэдэхэд 20 жил. Манай хамтлаг ёстой л унаж, боссон 20 жилийг ардаа үдсэн байна. Хамгийн идэвхтэй уран бүтээлээ туурвиж байсан үе нь 2006-2010 он юм уу даа. Түүнээс хойш сурах нь сурч, амьдрал зохиох нь зохиосон. Амьдрал дээр гарч ирэх үед юун урлаг, уран сайхан гэх үе гарна шүү дээ. Одооноос л ажил, амьдрал маань арай жигдрэх шугамандаа орж байна. Тиймээс л энэ үедээ урлаг, уран бүтээл рүүгээ оръё гэж байгаа юм.

-Уран бүтээлдээ шамдана гэдэг хамтлагийн үнэнч фенүүдэд тун баяртай мэдээ байгаа болов уу. Ер нь фенүүдээс нь ямар сэтгэгдлүүд ирж байх юм?

-Гэхдээ хамтлаг маань мартагдах гэж байсан байна лээ шүү. Мартахаас нь өмнө хурдхан шиг уран бүтээлээ хийж сануулахгүй бол болохгүй юм байна гэж бодсон. Одоо уран бүтээлээ үргэлжлүүлнэ.

-Үзэгчдийн уур амьсгалыг мэдрэхийн тулд дуу сонголт их чухал байдаг шиг санагдсан. Энэ утгаараа сонсогчдынхоо хэдийнэ сэтгэл зүрхэнд нь хүрсэн дуунуудаар хамтлагууд дуулагдах дууны жагсаалтаа гаргадаг юм билээ. Танайх ч энэ тактикыг барих уу?

-Бусад хамтлагууд маань яахыг хэлж мэдэхгүй юм. Манай хамтлагийн хувьд өөрсдийнхөө сонсогчдын хүртээл болсон дуунуудыг дуулна.

-Саяхан танай хамтлагийн анхны тоглолтын бичлэгийг үзэж байлаа. Тухайн тоглолтын уур амьсгалыг одоо санаж байна уу?

-Анхны тоглолт маань Open Air-т болж байсан. Хамгийн их тасалбар зарагдсан тоглолт болсныг одоо ч хэлдэг. Тухайн үеийн мэдрэмжийг намайг уйлж байсан бичлэгээс харахад л шууд мэдрэх байх. Аргаа бараад л уйлсан байгаа шүү дээ. Тэр сэтгэл хөдлөл дээд цэгтээ. Үгээр хэлэхийн аргагүй. Өөрсдөөрөө бахархах мэдрэмж төрж байсан.

-Хамтлагийн гишүүд багын найзууд уу. Ажил, амьдрал гээд бүх цаг үед холбоотой байдаг уу?

-Тийм ээ. Бид багын найзууд. Нандиа бид хоёр Хүүхдийн ордны нэг хамтлагийн гишүүд. Баба маань Нандиагийн арван жилийн ангийн найз. Харин Бэбэ бол Нандиагийн оюутан ангийн найз. Бас бидний эхнэрүүд багын найзууд. Ер нь их л багаасаа үерхэж, нөхөрлөсөн хүмүүс шүү дээ. Тэр утгаараа бид уран бүтээл гэлтгүй амьдралын гэр бүлийн найзууд. Уран бүтээл завсарласан ч бай өдөр болгон шахуу уулзалдана. Манай гэрт юу тохиолдож байна, ямар асуудал байна гэдгийг үргэлж хоорондоо хуваалцдаг. Найзууд ямар байдаг. Түүний жишгээр л нөхөрлөж яваа гэж боддог доо.

-Анхны клипний зардлыг Бэбэгийн аав, ээж бидэнд өгч байсан юм. Маш их баярлаж явдаг-

-Та бүхний уран бүтээлийг хүүхдүүд нь одоо сонсоод ямар хариу үйлдэл гаргадаг вэ. Асууж, шалгаах юм уу?

-Манай хүү нэгдүгээр сургуулийн дунд ангид сурдаг юм. Нэг өдөр очсон чинь хүү маань утас дээрээ манай хамтлагийн анхны цомгийг татаад авчихсан байсан. Бодвол ангийнхаа найзуудад л үзүүлсэн юм шиг байгаа юм. Ангийнх нь найзууд ирснээ "Та дуулдаг юм уу" гэж асууж байна лээ. Түүнээс гадна бид нар энд тэнд хурим дээр очиж хааяа дуулна. Аль болох шинэ дуугаа дуулахыг боддог. Дараагаар нь "Хайрлах хүсэл" ч юм уу тухайн үеийн дуугаа дуулангуут хүүхдүүд дагаж дуулаад байдаг юм. "Өө энийг дуулдаг ах нар та нар байсан юм уу" гэдэг. Дууг маань мэдээд байдаг хэр нь дуучдынх нь царай зүсийг мэддэггүй гэдэг ч юм уу. Яах аргагүй сонирхол нь өөр болчхоод л байгаа юм л даа. Гэхдээ бидний дууг хаа нэгтээ сонссон болж таараад байгаа юм.

-Олон дуугаа клипжүүлсэн санагдаж байна. Ер нь тухайн үед клип хийнэ гэдэг хүнд байсан уу?

-Тухайн үед клип хийнэ гэж чухам л том ажил байлаа шүү дээ. Нэгдүгээрт, санхүүгийн асуудал. Хоёрдугаарт, студиуд одоогийнх шиг их байгаагүй. Тоног төхөөрөмж байсан ч ажиллуулж чаддаггүй ч юм уу. Асуудлууд их байсан. Манай хамтлагийн анх Bye my love дуугаа клипжүүлж байсан. Тухайн клипний зардлыг Бэбэгийн аав, ээж бидэнд өгч байсан юм. Маш их баярлаж явдаг. Ний нуугүй хэлэхэд, түүний хүчээр бид өнөөдөр энэ зэрэгтээ яваа гэж боддог.

-Тэгэхээр төсөв санхүү л гол хүндрэл нь байдаг байж дээ?

-Тийм ээ. Тухайн үед понограмм л гэхэд 150 мянган төгрөгөөр бичүүлдэг байсан. Бас л чанга мөнгө шүү. Өглөө бүр гэрээс гарахад аав, ээж нар маань үсрээд л дээд тал нь 1000-2000 төгрөг өгнө шүү дээ. Түүнийг дөрвүүлээ хэдэн өдөр цуглуулсан байх вэ. Тэгж бодоход л чанга санагддаг байсан.

-Тун удахгүй дөрвөн хамтлаг нэг дор тайзнаа гарах гэж байна. Тоглолтыг үзэхээр сэтгэл догдлон хүлээж байгаа сонсогчдодоо юу хэлмээр байна?

-Энэ зөвхөн Flash хамтлагийн тоглолт биш. Нэгэн цаг үед хайрын гэж хэлэгддэг байсан хамтлагууд цуглаж байна. Ямар хэрэгтээ зарим хүмүүсийн уурыг хүргэчихсэн байна лээ. Хайрын хамтлагууд сэрж байна гээд. Тэгтэл нь уурыг нь хүргэж байна гэдэг бол айж байна л гэсэн үг. Юм бодогдож л байгаа байх. Бид дөрөв цугтаа байнга тайзан дээр гараад байдаггүй. Энэ дөрвөн хамтлаг ч байнга нэг тайзан дээр гараад байхгүй. Магадгүй дахиад энэ дөрөв шиг хамтлаг гарахгүй ч юм билүү. Тэгэхээр энэ бол тоглолтыг үзэх шалтгааны нэг болж өгөх болов уу. Таны амьдралд энэ дөрвөн хамтлагийн дуутай холбогддог дурсамж байдаг бол ирж үзээрэй гэж хэлмээр байна. Дурсамжаар тань аялуулна л гэж хэлмээр байна.

Сүхбаатар дүүргийн иргэд аравдугаар сараас  шинэ амбулаториор үйлчлүүлнэ
Сүхбаатар дүүргийн иргэд аравдугаар сараас шинэ амбулаториор үйлчлүүлнэ
 
Д.Амарбаясгалан: Ноцтой нь, нэр бүхий гишүүд, асуудал хариуцсан сайд ондоо багтаж төсөвт тодотгол хийх санал гаргаж өөрчилсөн
Д.Амарбаясгалан: Ноцтой нь, нэр бүхий гишүүд, асуудал хариуцсан сайд ондоо багтаж төсөвт тодотгол хийх санал гаргаж өөрчилсөн
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.