Өнгөрөгч оны наймдугаар сард Ерөнхий сайдын АНУ дахь айлчлалын үеэр Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталснаар АНУ руу шууд нислэг үйлдэх боломжтой болсон билээ. 2024 оны хоёрдугаар улирлаас гэх товтой байсан уг ажил ямар шатанд яваа талаар ЗТХЯ-ны ТНБД С.Батболдоос тодрууллаа.
-АНУ руу шууд нислэгтэй болох ажилд та бүхэн хэр анхаарал өгч байна вэ. Ажил ямар шатандаа үргэлжилж байна?
-АНУ-тай нислэг хийх агаарын харилцааны хэлэлцээг өнгөрсөн оны нэгдүгээр сард үзэглэсэн. Үүний дараагаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалын хүрээнд хэлэлцээр байгуулагдсан. Бэлтгэл ажил явагдаж байна.
-Бэлтгэл ажлын хүрээнд хоёр талаас ямархуу ажлууд хийгдэж байгаа вэ?
-Агаарын харилцааны гэрээ байгуулснаас нислэг эхлүүлэх хүртэл хугацаанд нэлээдгүй бэлтгэл ажил, хугацаа ордог. Жишээлбэл, саяхан эхлүүлсэн Улаанбаатар-Прага чиглэлийн нислэгийн хэлэлцээг 2017 онд байгуулаад "Изинис Эйрвайз" компанид 2018 онд томилгоо өгч, энэ оны долоодугаар сарын 10-нд эхэлсэн. Гэхдээ бидний хувьд АНУ руу хийх нислэгийг шуурхай эхлүүлэхээр ажиллаж байна. Үүнд агаарын харилцааны гэрээ байгуулахаас гадна Америкийн иргэний нисэхийн байгууллага, Тээврийн аюулгүй байдлын газруудаас маш олон талын үзлэг шалгалтын хийсний үндсэн дээр эрхийг өгдөг. Энэ ажил яг одоо үргэлжилж байна.
-2024 оны хоёрдугаар улирлаас гэх товтой байсан шүү дээ. Хэзээнээс эхлүүлэхээр төлөвлөж байна вэ?
-Амжвал бид энэ намартаа нислэгээ эхлүүлэх гээд ажиллаж байна.