Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Р.Магсар: Монгол Улсын Гавьяат багш хэмээх цол тэмдэг математикийн шинжлэх ухаанд зориулсан 40 жилийн минь хөдөлмөрийн үр шим

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
10 минут 57 секунд

Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол Улсын Гавьяат багш цол тэмдгээр энгэрээ мялаалгасан шинэхэн Гавьяат багш, Доктор, Дэд профессор Р.Магсартай цөөн хором ярилцаж, ажил амьдралын гараа болон математикийн шинжлэх ухаанд зориулсан хором мөчүүдийг нь эргэн саналаа.

-Юун түрүүнд Монгол Улсын Гавьяат багш цол тэмдгээр шагнагдсанд баяр хүргэе. Аль нутгийн хүн бэ?

-Маш их баярлалаа. Би Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын уугуул. Математикийн багшаар 40-өөд жил ажилласан. МУБИС-д ажиллаж байгаад өнгөрсөн жил өндөр насны тэтгэвэртээ гарсан ахмад багш.

-Улсын баяр наадмын өмнө төрийн дээд одон медалиар шагнуулж, боловсролын салбарт ажилласан 40 жилийн хөдөлмөрөө үнэлүүллээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөсөө "Гавьяат багш" хэмээх цол тэмдэг хүртсэндээ сэтгэл их өндөр байна. Шагналаа гардан авч байхдаа өсөж төрсөн нутаг ус, ажлын хамт олон, гэр бүл, шавь нар, олон сайхан эрдэмтэн судлаач, багш нартаа л их баярлаж талархдаг юм билээ.

-Таны хувьд ажил амьдралынхаа гарааг хаанаас эхэлж байв?

-Би 1984 онд их сургуулиа төгсөөд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын сургуульд 5-р анги дааж авч, математикийн хичээл зааж байлаа. Энэ л ажлын гараанаас эхлээд их сургуулийн багш, Доктор, Дэд профессор хүртэл ажилласан байна.

1984 онд сумын сургуулиуд дотроосоо галладаг байсан юм. Сурагчид маань галаа түлээд л, чернилээ гэсгээгээд л хичээлээ хийдэг байлаа. Одоо бодоход цаг ч сайхан байж дээ.

-40 жилийн өмнө гэхээр та ч их залуу байж?

-Тэгэлгүй яах вэ. 1984 онд би чинь 22-хон настай байж.

-Түүнээс хойш хаана, хаана ажиллав?

-Цэцэрлэг сумандаа 3 жил ажиллаад түүний дараа төрөлх Цагаан-Уул сумандаа математикийн багшаар очсон юм. Тэгээд л төрөлх сургуульдаа бага ангийн хичээлийн эрхлэгч, сургуулийн захирал хүртэл ажиллаж, ихээхэн туршлага ч хуримтлуулж байлаа. Тэгээд л Улаанбаатар хотод ирээд 72-р сургууль, Өсвөрийн зохион бүтээх төв-д ажиллаж байгаад 2009 оноос МУБИС-д багшилж эхэлсэн.

-Өнгөрсөн жил тэтгэвэртээ гарсан гэсэн шүү дээ. Одоогоор ямар ажил хийж байна?

-Одоогоор ном, сурах бичиг, гарын авлага зэрэг судалгааны ажилд анхаарч байна. Мөн эрдэм шинжилгээний өгүүлэл зэрэг бичиж, сэтгүүлд нийтлүүлж байгаа.

-Ингэхэд та яагаад математикийн багш болохоор шийдсэн юм бэ?

-Хүүхэд байхдаа би математикийн хичээлд их дуртай байсан юм. Тийм болоод ч тэр үү математикийн хичээл дээр л их сайн дүн авдаг байлаа. Тиймээс математикийн багш болъё гэж 7-р ангиасаа бодож эхэлж байсан юм. Тэгээд л 1980 онд хүссэн мэргэжлээрээ их сургуульдаа элсэн суралцсан даа.

-Математикийг тусгайлсан шинжлэх ухаан гэж тодорхойлдог шүү дээ. Энэ л шинжлэх ухааны төлөө өөрийн амьдралаа зориулсан тул өнөөдөр төр засаг таныг өндрөөр үнэлжээ?

-Мэдээж тэгэлгүй яах вэ. Амьдралынхаа 40-өөд жилийг математикийн шинжлэх ухаанд зориулсан шүү дээ. Түүнээс гадна өнөөдөр энэхүү шагналыг хүртэхэд хамгийн чухал нөлөө үзүүлсэн хэд хэдэн зүйл бий гэж боддог юм.

Намайг дөнгөж их сургуулиа төгсөж байхад математикийн сургалтын чанарыг сайжруулах хэрэгтэй гэж яригдаж эхэлж байсан юм. Тухайн үе бол социализмын үе шүү дээ. Зөвлөлтийн багш нарын туршлагыг Монголын боловсролд тэр дундаа математик, химийн шинжлэх ухаанд нэвтрүүлж, судалж, амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээдэг байлаа л даа.

Харин миний хувьд сурагчид математикт дур сонирхолтой байж, өөрөө бие даан асуудлыг шийдэж, бодлогоо боддог, бие дааж суралцдаг, өөрийн сонирхлоор хүсэж сурдаг болгох юмсан гэдэгт илүүтэй анхаарч, үүнийг гол ажил болгохоор зорьж байсан. Тэр дундаа өгүүлбэртэй бодлогыг олон аргаар бодох тал дээр онцгойлон анхаарч, гарын авлага, сурах бичиг, эрдэм шинжилгээний өгүүлэл, онол, аргазүйн ном зэргийг мэргэжил нэгт багш нартайгаа хамтран бичиж, математикийн шинжлэх ухааны уг үндсийг ойлгоход туслах хэд хэдэн цуврал ном гаргаж байлаа. Тэдгээр бүтээлүүдээс маань хамгийн түрүүнд онцлох ном бол "Бага ангийн багшийн заавал бодох 500 өгүүлбэртэй бодлого" гэдэг ном.

Энэ номд буй 500 өгүүлбэртэй бодлогыг хамгийн багадаа 2 аргаар бодсон байдаг бол хамгийн ихдээ 32 аргаар бодсон байдаг юм.

Би 21 аймаг болон нийслэл хотын бүх бага ангийн багш нарт сургалт орж, энэхүү номд буй өгүүлбэртэй бодлогуудыг хэрхэн бодох арга барилыг зааж байсан. Тийм ч учраас энэ ном маань одоо бага ангийн багш нарын ширээний ном болж чадсан.

Түүнээс гадна уг ном маань дан ганц Монгол Улсад гэлтгүй олон улсад ч өндрөөр үнэлэгдсэн. Учир нь Австралийн Сидней их сургуулийн багш, Женефер профессорт энэхүү номоо дурсгаж, ач холбогдол, гол агуулгыг танилцуулж байхад, номыг маань маш сайхан хүлээн авч, намайг эрдэм шинжилгээний хуралд урин оролцуулаад, нэг бодлогыг хэрхэн олон аргаар бодсон бэ гэдгийг маань тайлбарлуулж, магтан сайшаасан байдаг юм.

Тийм ч учраас төр засгийнхаа гавьяа шагналыг хүртэхэд энэ бүгд нөлөөлсөн болов уу гэж бодож сууна даа.

-Багш хүний бахархал шавь гэдэг шүү дээ. Та боловсролын салбарт ажилласан энэ хугацаандаа хэчнээн шавь бэлтгэсэн байна?

-10 мянга гаруй шавь бэлтгэсэн байна. Надаар хичээл заалгасан хүүхдүүд, оюутнуудынхаа тоог нэмж үзэхэд л ингэж гарч байна лээ.

Би МУБИС-д 15 жил багшлахдаа бага ангийн багш мэргэжлээр 3 анги дааж авч, төгсгөсөн байна. Шавь нар дунд маань миний өмнө дурдсан "Бага ангийн багшийн заавал бодох 500 өгүүлбэртэй бодлого" номыг маань бүрэн бодоод дуусчихсан тэр ч бүү хэл миний гаргаагүй аргуудыг ч гаргаж ирсэн шавь нар бий. Үнэхээр л багш хүний бахархал бол шавь нар. Тэднээсээ л урам зориг авч, тэднийгээ сайн багш болно доо гэж итгэж, хүндэлж, хайрлаж явдаг юм.

-Математикийн багшаар суралцах хүсэлтэй, сурч байгаа, ирээдүйд сурах оюутан залууст хандаж энэ шинжлэх ухааныг хэрхэн судлах талаар багахан зөвлөгөө өгөөч гэвэл та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Математикийн шинжлэх ухаанд суралцах нь тийм ч хялбар зүйл биш шүү дээ. Математик гэдэг бол өмнөх дүрэм, тодорхойлолт, теором, томьёог мэдэхгүй бол дараагийн үе шатанд шилжих боломжгүй. Гэтэл хэл уран зохиол, утга зохиол, нийгмийн ухаан зэрэг нь тодорхой сэдвийг уншаагүй ч гэсэн дараагийн шат руу ороод, судлаад явах боломжтой байдаг.

Байгалийн шинжлэх ухаан, тэр дундаа математикийн шинжлэх ухаан бол үндсэн суурийг нь заавал эзэмшсэн байх ёстой байдаг.

Мөн бодлого бодлоо гэхэд өөрөө өөртөө асуудал болгож, түүнийгээ ухаж ойлгож, утга санааг нь гүнзгий бодож, шинжлэх ухаан талдаа юу хэлээд байна вэ гэдгийг ургуулан дүрсэлж, томьёолол өгч байж л математикийг илүү сайн ойлгоно.

Тиймээс цаашид математикаар суралцах гэж байгаа, хичээллэх гэж байгаа хүүхэд залууст хэлэхэд эхнээс нь маш сайн суралцаад, хийсвэр томьёолол нь бодит байдалтай хэрхэн огтлолцож байна вэ гэдгийг ойлгодог болчихвол математик бол маш сонирхолтой шинжлэх ухаан. Ялангуяа хиймэл оюун ухаан, IT хөгжиж байгаа энэ үед шинэ, шинэ ажлын байрууд бий болж, шинэ шинэ мэргэжлүүд гарч ирнэ. Үүний суурь ухаан бол мэдээж математик. Тиймээс өөрийн логик сэтгэлгээг л маш сайн хөгжүүлэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

-Энэ хүрээд ярилцлага маань өндөрлөж байна. Ярилцлагынхаа сүүлийн хормыг өөрт тань үлдээе?

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Гавьяат багш хэмээх цол тэмдэг аваад сууж байгаагийн хувьд надаар хичээл заалгаж байсан, надтай хамт ажиллаж байсан, надад дэмжиж тусалж байсан бүх хүмүүстээ баярласан, талархсанаа илэрхийлэх нь зүйтэй болов уу. Энэ бол зөвхөн миний гавьяа шагнал биш. Та бүгдийн маань хамтын хөдөлмөрийн үр шим шүү гэж хэлмээр байна.

Цаашид математикийн сургалтын чанарыг сайжруулахад мэргэжил нэгт нөхөд болон гаднын эрдэмтэн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, үр дүн гаргахаа миний бие амлаж байна.

Мөн Монгол орны өнцөг булан бүрд ажиллаж амьдарч байгаа нийт багш нар, Монголын нийт ард түмэндээ Ардын хувьсгалын 103 жилийн ойн мэнд дэвшүүлье. Сайхан наадаарай.

-Ярилцсанд баярлалаа.

Х.Баасанжаргал: Батлан хамгаалах салбарын бодлогод дүрмийн бус харилцааны асуудлыг хяналттай болгох санал оруулсан ч дэмжигдсэнгүй
Х.Баасанжаргал: Батлан хамгаалах салбарын бодлогод дүрмийн бус харилцааны асуудлыг хяналттай болгох санал оруулсан ч дэмжигдсэнгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.