Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Парис-2024” олимп, паралимпын тамирчдаа үдэж, Төрийн далбаа гардууллаа.
Тэрбээр, Монгол Улс хүн төрөлхтний эв санааны нэгдлийн илэрхийлэл болсон олимпын наадамд тогтмол оролцож, зуны олимпын наадмаас 30, паралимпын наадмаас 4 медаль хүртсэн олимпын амжилтын түүхтэйг дурдлаа.
Монгол Улсын Үндэсний шигшээ баг энэхүү амжилтын буухиаг үргэлжлүүлэхээр “Парис-2024” зуны гучин гурав дахь удаагийн олимп, арван долоо дахь удаагийн паралимпын наадамд оролцох бэлтгэлээ хангаж, зуны олимпын наадмын байт харваа, усанд сэлэлт, жүдо, бокс, чөлөөт бөх, дугуй, буудлага, хөнгөн атлетик, хүндийн өргөлт зэрэг 9 төрөлд 34, паралимпын наадмын пара пауэрлифтинг, пара байт харваа, пара таеквондо, пара усанд сэлэлт, пара жүдо, пара хөнгөн атлетик зэрэг 6 төрөлд 10 эрх, нийт 44 эрхийг баталгаажуулаад байгааг тодотгов.