Нийслэлийн Монгол Ардын Намын хороо 2024 оны НИТХ-ын ээлжит ээлжит сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө Нийслэл дэх Төрийн аудитын газарт хүлээлгэн өглөө. Энэ талаар Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар "Бид энэ сонгуульд төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд орсон өөрчлөлтийн хүрээнд томоохон төсөл хөтөлбөрүүд, өртөг тооцож болдог үйлчилгээний төрөл хэлбэрүүд дээр төр хувийн хэвшлийн түншлэлийн бүхий л боломжуудыг ашиглаж, хотын эдийн засгийг тэлэх, хувийн секторуудын бизнесийн орчныг тэлэх агуулгыг түлхүү оруулсан.
Өмнөх мөрийн хөтөлбөрүүдэд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт болон гадаадын зээл тусламж дээр суурилдаг байсан. Төр хувийн хэвшлийн түншлэлийн бүхий л хэлбэрийг нийслэлийн зүгээс дэмжих байдлаар дутагдаж буй эрчим хүч, дэд бүтэц, ариутгах татуурга усан хангамжийн нөөцийг бүрдүүлэх, цаашлаад нийгэм соёлын барилга байгууламжуудыг төр хувийн хэвшлийн түншлэлээр барьж байгуулахаар тусгасан.
Түүнчлэн орон сууцны зорилтот төсөл хөтөлбөрүүдийг НОСК-иас төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүдэд газрыг нь урьдчилж чөлөөлөөд, дэд бүтцийг нь татаж, төлөвлөлтийг нь урьдчилж хийж өгөх, газраа чөлөөлсөн айл өрхүүдэд шууд орон сууцыг нь санал болгох байдлаар ажиллахаар тусгасан гэдгийг хэлье.
Түгжрэлийн тухайд олон талт нийтийн тээврийн хэрэгслүүдийг ирэх жилүүдэд хэрэглээнд нэвтрүүлж, нийслэлчүүдийг нийтийн тээврээр илүү зорчих нөхцөл боломжийг бүрдүүлэхээр мөрийн хөтөлбөрөө боловсрууллаа. Ерөнхийдөө 20 минутын хот концепцийн хүрээнд иргэд 20 минутын зорчих зайнд бүхий л төрлийн үйлчилгээг авах боломжтой байдлаар хотоо дахин төлөвлөхөөр мөрийн хөтөлбөртөө тусгасан" гэв.