Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эр хүн бүх зүйлийг чаддаг СУПЕР БААТАР болох албагүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 6 секунд

Эр хүн байж юун сүртэй юм...гэх үгс. Чихэнд дасал болжээ. Хөвгүүд багаасаа л “эрэгтэй хүн уйлж болохгүй” гэх ганц үгээр хайрцаглагдаж, эрэгтэй хүн болж төрсөн л бол ачааны хүндийг өргөж, хүйтэн хоол идэж, халуунд нь халж, хүйтэнд даарсан ч гомдоллох эрхгүй мэт амьдарч байгаа нь өнөөгийн Монголын дүр төрх.

Хайнга үйлдэл, хатуу үгэнд эрчүүд эмтэрсээр анхаарлын гадна хаягдаад даанч уджээ. Эр хүн байж ийм амархан юм чадахгүй”, “Эр хүн байж юун сүртэй юм”, “Эр хүн гэр бүлээ авч явах ёстой”, “Эр хүн байж яасан олон үгтэй юм...” гэх үгсийг чулуудах даан ч амархан. Тэд бидэнд гомддог билүү?

“Архины хэрэглээ нь сэтгэл хөөрлийн дааврыг өндөр ялгаруулдаг ч эргээд хэвийн байдлаас доош унагадаг

Хугарах ёсгүй юм шиг ноён нуруу нь аль эрт бөхийжээ. Тэд эрэгтэй хүн уйлдаггүй юм гэх хайрцагт хүлэгдэж чимээгүй дотроо хашхирч эцэст нь сэтгэлзүй, эрүүл мэндээ алдах цаашлаад амьдралаас эрт буцахад хүрч байна. “Эрчүүд хүчтэй байх ёстой гэсээр өөртөө сэтгэлзүйн асуудал үүсгэж байдаг” гэж “Сайн сонсогч” сэтгэл засал, сургалт, оношилгооны төвийн сэтгэл зүйч Б.Оюун-Эрдэнэ хэлсэн юм. Түүн дээр ихэвчлэн сэтгэлийн дарамтад орсон 30-40 насны эрчүүд ханддаг байна. Харин залуус сэтгэлзүйчид хандах нь ховор гэнэ. Тэрбээр “Эрэгтэйчүүд сэтгэл зүйн асуудал гарахад найз нөхөдтэйгөө уулзаж, цагийг гадуур өнгөрүүлдэг. Энэ нь даамжирсаар архи, тамхийг хэтрүүлэн хэрэглэх муу зуршилд хүргэдэг. Архи, тамхи сэтгэлзүйг засдаггүй. Эсрэгээрээ хэрэглэх явцаж сэтгэл хөөрлийн дааврыг өндөр ялгаруулдаг ч эргээд хэвийн байдлаас доош унагадаг. Өөрөөр хэлбэл, сэтгэлзүйг улам дордуулдаг. Тиймээс сэтгэлээр унасан, гутралд орсон үед архи, тамхины хэрэглээ зөв гаргалгаа биш. Эрчүүдийн хувьд эмэгтэйчүүдээс ялгаатай нь хэчнээн хэцүү байсан ч мэдрэмжээ илэрхийлдэггүй. Илэрхийлсэн ч уйлдаггүй. Энэ бүгд нь эрэгтэй хүн хатуу чанга байх ёстой гэсэн хэвшмэл ойлголтоос болдог. Нэг талаас мэдрэмжээ илэрхийлэх эрх чөлөөг нь хааж, сэтгэл зүйгээр хүчирхийлж байгаа хэрэг шүү дээ. Эрэгтэй хүн ийм байх ёстой гэсэн шаардлага нь буруу” гэсэн юм.

Энэ мэт хэвшмэл ойлголт эргээд хувь хүний төлөвшил, сэтгэлзүй, амьдралын хэв маягт нөлөөлдөг болох нь Б.Оюун-Эрдэнэ сэтгэлзүйчийн ярианаас харж болохоор. Гэтэл бид хөвгүүддээ ч бас хатуу шаардлага тавьж, загнаж зэмлэхээс л өнөөх “супер баатар” шиг эрэгтэй хүн төлөвшдөг байх нь. Энэ талаар сэтгэлзүйч зөвлөхдөө “Эрэгтэй хүүхдийг бага насанд нь ийм амархан зүйлийг хийж чадахгүй байна уу гэж буруутгахаасаа өмнө эцэг эхчүүд та бүхэн харилцаан дээрээ анхаараарай. Хүүхэдтэйгээ зөвлөлдөж ямар тусламж хэрэгтэй байгааг нь асуух хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд эрэгтэй хүн бүх зүйлийг чаддаг супер баатар болох албагүй. Мэдрэмжээ илэрхийлэх, тусламж авах эрхтэй. Мөн эрэгтэй хүн уйлах зүгээр” гэлээ.

-2023 онд амиа хорлох тохиолдол 498 бүртгэгдсэний 88 хувь нь эрэгтэйчүүд байна-

Үнэхээр л “Эмэгтэй хүнд гар хүрч болохгүй, эр хүн уйлдаггүй” гэж хүмүүжсэн залуус насанд хүрээд өрх толгойлохын үед өвдсөн ч өвдөөгүй мэт зүтгэх нь өнөөдрийн бидний нийтлэг төрх болсоор даанч уджээ. Бид ч дөжирч.

“Амь бөхтэй нь биш аргаа олсон нь амьд үлддэг” гэгчээр өөрийгөө болон гэр бүлээ авч явах аргаа олохгүй л бол сэтгэл амар амьдрахад хатуу нийгэм. Дээр дурдсанчлан эрэгтэй хүн л амьдралаа авч явдаг гэх хэвшмэл ойлголтын цаана сэтгэл зүй болон эрүүл мэндийн асуудал орхигдсоор...Улмаар эрчүүдийн дунд амиа хорлолт хамгийн өндөр, дундаж наслалт эмэгтэйчүүдээс бага болжээ.

Манай улсад амиа хорлох явдал их байдаг тогтоогдсон. Тэр дундаа Өмнөговь, Хөвсгөл, Увс, Дорноговь аймаг тэргүүлэх ба Азид БНСУ-ын дараа буюу 2-т ордог ажээ. Тухайлбал, 2023 оны байдлаар эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.2 жилээр бага. Мөн амиа хорлох тохиолдол 498 бүртгэгдсэний 88 хувь нь эрэгтэйчүүд байна. Хүйс үл хамааран бүгд л өвдөлт мэдэрдэг. Үндсэн хуульдаа хүртэл нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүн тэгш эрхтэй гэж заасан байдаг. Гэсэн хэдий ч анх уулзаж байгаа хүнээ хүйсээр ялгаж харьцдаг хэвээр. Одоо хүртэл эрэгтэй хүүхдээ “уйлж болохгүй”, “хүчтэй бай” гэж хүмүүжүүлсээр. Энэ нь тэдний сэтгэл зүйг гэмтээж, олон асуудлыг дагуулсаар байна. Тодруулбал,

-Залуус эрүүл мэндээрээ цэрэгт тэнцэхээ больсон.

-Жилд дунджаар 17 мянган хүн нас бардгаас 60 гаруй хувь нь эрчүүд байдаг.

-2023 оны байдлаар 18-35 насны малчдын 88 хувь нь ганц бие байна.

-10 эрэгтэй тутмын зургаа нь тамхи татдаг.

-Согтууруулах ундааны нэг хүний жилийн хэрэглээ 30 литрээс 50 литр болж өссөн.

-Архины шууд болон шууд бус шалтгаанаар жилд 4000 орчим хүн нас барж буйгаас дийлэнх нь эрчүүд байна.

-Үйлдвэрлэлийн ослоор дандаа эрчүүд нас бардаг гэсэн мэдээлэл гарчээ. Энэ бүх тоо, баримт бидэнд нэг л зүйлийг хэлсээр байна.

-“40 секунд тутамд нэг хүн амиа хорлож байгаа нь харамсалтай”-

Мөн зөвхөн насанд хүрэгчид гэлтгүй өсвөр насныхан амиа хорлох тохиолдол гарсаар. Энэхүү асуудлын талаар СЭМҮТ-ийн дэд захирал В.Баярмаа “Дэлхий дахинд сэтгэл гутрах эмгэгтэй 300 сая хүн амьдарч байна гэсэн судалгаа байдаг бөгөөд 40 секунд тутамд нэг хүн амиа хорлож байгаа нь харамсалтай байна. ДЭМБ болон бусад мэдээ мэдээллээс үзэхэд 15-29 насныхан амиа хорлох тохиолдол нэмэгдэж байгаа. Энэ насныхны сэтгэл зүй бүрэн төлөвшөөгүй байдаг учир сэтгэл зовоосон асуудал гарахад даван туулж чадахгүйн улмаас амиа хорлох аргыг ашиглаад байна. 2018 оны 12 дугаар сард ЭМЯ, БСШУЯ-ны хамтарсан тушаалаар сургуулиудад сэтгэл зүйч ажиллуулах тушаал гарсан боловч сэтгэл зүйч ажиллуулж байгаа сургууль ховор байна. Хэрэв сэтгэл зүйч ажиллах юм бол сэтгэл зүйн асуудалтай хүүхдүүдэд хямралд өртсөн тухайн газар буюу орчинд нь сэтгэл гутралыг даван туулах чадварыг суулгаж, амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх боломжтой” гэдгийг ярьсан.

Б.МӨНХЗАЯА

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт дуу цахилгаантай бороо орно
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт дуу цахилгаантай бороо орно
 
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.