Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.01.06) өргөн барилаа.
Нийгмийн даатгалын сангаас 2019 оны 12 дугаар сарын байдлаар 421.1 мянган иргэн тэтгэвэр авч байна. Улсын хэмжээнд дундаж тэтгэвэр 376.9 мянган төгрөг байгаа бөгөөд тэтгэвэр авагчдын 53.8 хувь нь тэтгэврийн доод хэмжээ буюу 270.0-370.0 мянган төгрөг авч байгаа аж.
2019.12.31-ний байдлаар тэтгэвэр авагчдын 54.5 хувь буюу 229.4 мянган хүн 763.3 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа юм. Тэд арилжааны банкнаас өрх гэрийн санхүүгийн хэрэгцээг хангах, хүүхдийн сургалтын зардлыг санхүүжүүлэх, бусад зээлийн өр, хүү төлбөрийг төлөх зэрэг зорилгоор зээл авчээ.
Тэтгэврийн зээл, зээлийн хүүгийн дарамтыг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2016 оноос эхлэн зээлийн хүүг бууруулах шат дараатай арга хэмжээ авч, 1 жил хүртэлх хугацаатай тэтгэврийн зээлийн хүүг 8 хувиар бууруулж 10 хувьд, 1 жилээс дээш хугацаатай зээлийн хүүг 2.4 хувиар бууруулж 15.6 хувьд хүргэснээс гадна сарын тэтгэврийн 70 хувьд зээл олгох, үлдэх 30 хувийг заавал ахмадуудад үлдээж байхаар шийдвэрлэсэн юм. Гэсэн ч тэтгэврээс өөр орлогогүй иргэд тэтгэврийн зээл авч, банкны хүү нэмж төлснөөр ядууралд өртөх, санхүүгийн болон сэтгэл зүйн дарамтад орох, зайлшгүй шаардлагатай өдөр тутмын хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрч байна.
Энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх, цаашид тэтгэвэр барьцаалсан зээл олгохгүй байх арга хэмжээг 2020 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлэх зөвлөмж гаргасан билээ. Уг зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулсан байна.
Төсөлд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн тэтгэвэр барьцаалан банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрийг нэг удаа тэглэх харилцааг зохицуулахаар тусгасан байна. Тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөрийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаас олох орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар бүрдүүлэх аж.
Салхитын мөнгөний орд нь 808.3 тонн мөнгө, 1117.1 кг алтны нөөцтэй бөгөөд урьдчилсан тооцооллоор цэвэр ашиг нь 1 их наяд 50.4 тэрбум төгрөг болохоор байгаа юм.
Хуулийн төслийг Улсын Их Хурлаар нэн яаралтай горимоор хэлэлцэх бөгөөд төсөл батлагдсанаар иргэддээ байгалийн баялаг ашигласнаас олох орлогын өгөөжөөс хүртээх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 6.2 дахь заалт хэрэгжих, ахмадууд тэтгэвэр барьцаалсан зээлийн өрөөс чөлөөлөгдөх, цаашид дахин тэтгэврийн зээлийн дарамтад өртөхгүй байх ач холбогдолтой юм.