Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж, бодлогын хүүг 11 хувь болгож бууруулснаа зарлалаа.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Дөрөвдүгээр сард инфляц 6.4 хувьтай байлаа. Монгол Улсын инфляцын 30 хувийг мах, сүү, гурил эзэлж байна. Эдгээр хүнсний бүтээгдэхүүн нь инфляцад гол нөлөөтэй. Зуны улиралд мах, сүүний үнэ буурдаг. Сүүлийн үед гурилын үнэ ч буурч байгаа учраас цаашид инфляцад үзүүлэх нөлөө бага байна.
Манай улсын валютын нөөц түүхэн дээд хэмжээ буюу таван тэрбум ам.долларт хүрсэн. Ингэснээр валютын ханш тогтвортой байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд монгол төгрөг ам.долларын эсрэг гурван хувь чангарсан.
Ирэх 2-3 сард инфляц нээх их савлахааргүй харагдаж байгаа учраас бодлогын хүүг бууруулсан шийдвэр нийцтэй гэж үзэж байна" гэлээ.