Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар нэр дэвшүүлэх ажиллагаа тавдугаар сарын 14-өөс эхлэн тавдугаар сарын 20-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
Бие даан нэр дэвшүүлэгч нарт бүрдүүлэх баримт бичиг, нэр дэвшигчээр бүртгүүлэх талаар Сонгуулийн ерөнхий хорооноос холбогдох байгууллагуудтай хамтран өнөөдөр (2024.05.10) сургалт, мэдээлэл хийв.
Сонгуулийн мэдээллийн нэгдсэн сан www.e-election.mn цахим системээр нэр дэвшигч бүртгүүлэх, баримт бичиг болон нэр дэвших хүсэлтээ илгээх боломжтой. Бие даан нэр дэвшүүлэгч нь сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй сонгогчийн гарын үсэг зуруулахаар хуульчилсан. Дэмжигч сонгогчдын бүртгэл, гарын үсэг цуглуулах ажиллагааг www.e-election.mn цахим системээр хийх, нэгтгэх талаар Сонгуулийн ерөнхий хороо болон цахим систем хөгжүүлэгч компаниас дэлгэрэнгүй зааварчилсан юм. Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтыг аймаг, нийслэлийн сонгуулийн хорооноос авч сонгогчдын гарын үсэг цуглуулах уламжлалт ажиллагааны талаар мэдээллээ.