Бүхий л цаг үед 1.5 орчим сая хүн амтай нийслэлийнхний толгойны өвчин болсон асуудлын нэг нь яах аргагүй нийтийн тээвэр. Өвөл, зун гээд аль ч улиралд шугамд явж байгаа хэдэн автобуснууд нь цэв хүйтэн заалтай, өглөө оройдоо ирдэггүй, хүртээмжгүй зэргээр шүүмжлүүлсээр ирсэн. Харин эдгээр асуудлуудыг нэг талд нь гаргахаар шийдэл эрэлхийлсэн ч түүндээ бүдэрч орхисон. Салбарын сайдыг Хотын даргатай нь цуг ажлаа өгөхөд хүргэсэн "Цавчаа ногоон" гэгдэх автобусны "түүх"-ийг эргэн санаж, өрнөсөн үйл явцад анхаарал хандуулцгаая.
"Тэнүүн-Огоо" ХХК-ийн нийлүүлсэн "Daewoo" брендийн автобусны худалдан авалтын хүрээнд дараах процесс өрнөжээ
Харин үүнийг нарийвчлан авч үзье
2021-11-10
2021 оны Засгийн газрын хуралдаанаас Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх ажилд жил бүр улсын төсвөөс 420 тэрбум төгрөг зарцуулах түүхэн шийдвэр гарч байв. Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хийгдэх гол ажлуудын нэг нь нийтийн тээврийн парк шинэчлэл гэдэгтэй санал нийлж байв. Ингэхдээ Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг тухайн онд баталсантай холбогдуулан Засгийн газрын тогтоол гарч, нийслэлийн автозамын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх эх үүсвэрийг шийдвэрлэсэн байдаг. Ийнхүү жил бүр түгжрэлийг бууруулах чиглэлд хөрөнгө мөнгө зарцуулах гол концепц эхэлсэн.
2022.10.09
Нийслэлийн нийтийн тээврийн нөхцөл байдалтай танилцах зорилгоор ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй албаныхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дагуулж “Эрдэм транс”, “Тэнүүн-Огоо” болон төрийн өмчит автобус компаниудаар орж уулзсан. Энэ үеэрээ тэрбээр "Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарыг олон улсын жишигт хүргэж сайжруулсны дараа түгжрэлийн эсрэг арга хэмжээ авах дараа дараагийн суурь нөхцөл бүрдэнэ. Иргэдийн 90 гаруй хувь нь нийтийн тээвэрт сэтгэл ханамжгүй гэсэн судалгаа байгаа бол үүнийг бууруулахын төлөө төр, хувийн хэвшил ирэх жил нягт хамтарч ажиллана гэсэн үг. Иргэд автобусанд тав тухтай зорчих боломжийг бид бүрдүүлж өгөх ёстой. Нийтийн тээврийг өнгөрсөн хугацаанд төр засаг алаг цоог байдлаар дэмждэг байсан бол энэ удаа цогцоор нь шийднэ. Үүнд төр, засаг, иргэд, олон нийт, аж ахуйн нэгжүүд анхаарлаа хандуулж, үүрэг оролцоотой байвал түгжрэлийг бид бууруулж чадна. Тиймээс хамтарсан ажлын хэсэг гаргаж асуудал нэг бүрд тохирсон шийдлийг гаргах нь зөв” гэх байр суурийг илэрхийлж байв.
2022.11.11
Эл өдөр улсын төсвийг эцэслэн баталсан байдаг. Ингэхдээ Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарын багц дээр 318 тэрбум төгрөгөөр нийтийн тээврийн автобус худалдан авахаар тусган баталсан. Тус төсөл арга хэмжээнд 2022 онд 272 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр баталсан байдаг.
2022.12.20
2023 онд Хотын даргад 166 ажил, эрх шилжиж орж ирсний нэг нь автобус худалдаж авах тендер. Өөрөөр хэлбэл, сайдын багцад суусан хөрөнгөөр автобус худалдан авах эрх нь тухайн үеийн Хотын дарга Д.Сумъяабазарт шилжиж ирсэн юм.
Мөн өдөр Хотын дарга захирамж гаргаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4-ийг баримталж, автобус худалдан авах ажиллагааг холбогдох хууль журмын дагуу зохион байгуулахыг даалгасан байна. Тус заалтад “Хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил, үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэжээ.
Ийнхүү "Үндэсний аюулгүй байдалтай хамааралтай юм байна" гэх зөвлөмжийг Тагнуулын Ерөнхий Газраас НЗДТГ-т ирүүлсэн байна.
2022.12.23
Хотын дарга Д.Сумъяабазарын гаргасан А/1520 дугаартай захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж, Үндэсний аюулгүй байдалд хамааруулж худалдан авах ажиллагааг явуулжээ.
2023.01 сар
Тухайн автобус худалдан авалтыг зохион байгуулахад долоон компаниас үнийн санал ирүүлсний дагуу харьцуулалтын аргаар гүйцэтгэгч компанийг шалгаруулсан байна.
2023.01.27
"Тэнүүн-Огоо" ХХК-тай 816 ширхэг автобус худалдан авах шууд гэрээг байгуулсан байна.
2023.03.07
Гэрээний 30 хувь болох 81 тэрбум төгрөгийг Сангийн яамнаас "Тэнүүн-Огоо" ХХК-д шилжүүлжээ. АН-аас тус автобусны асуудалтай холбоотойгоор ажлын хэсэг гарч ажилласан бөгөөд тухайн судалгаандаа автобусны гэрээний мөнгийг таван удаа хувааж өгсөн гэх ба үүнийгээ 2023 оны гуравдугаар сарын 9-нөөс есдүгээр сарын 27-ныг хүртэл шилжүүлжээ.
2023.06.20
Эхний 20 автобус Улаанбаатарт ирэв
2023.09.27
БНСУ-ын "Daewoo" үйлдвэрийн 80 автобус Улаанбаатарт ирэв. Гэвч ирсэн даруйдаа нийгмийн сүлжээгээр тус автобуснуудын арлын дугаарыг шалгахад 1993 онд үйлдвэрлэгдсэн, угсарсан автобус байна гэх мэтээр мэдээлэл гарч эхэлсэн нь олны анхаарлыг татсан. Үүнтэй холбоотойгоор Хотын дарга Д.Сумъяабазар, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар нар хоорондоо ярилцаж тухайн орж ирсэн автобуснуудыг Төв талбайд гаргахаар шийдсэн аж.
2023.09.29
ХҮН нам "ногоон автобус"-ны асуудалд анхаарал хандуулахаа илэрхийлж, хэд хэдэн удаа мэдэгдэл хийгээд амжсан. Түүнчлэн "Бид энэ асуудлыг тултал нь шалгана. Шаардлагатай гэж үзвэл Вьетнам улс руу нь ч явна" гэж мэдэгдэж байв. Тэд байр сууриа хадгалсаар аравдугаар сарын 2-нд хэвлэлийн хурал хийх үеэрээ Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нарыг огцруулахыг шаардсан юм.
2023.09.30
Эл өдөр 40 "ногоон автобус"-ыг Сүхбаатарын талбайд гаргав. Иргэд, тухайн салбарт ажиллах мэргэжлийнхэн гээд үзэж сонирхохоор ирсэн хүмүүс Төв талбайд дүүрсэн байлаа. Гэвч энэхүү өдөр асуудал улам өндрийг авсан юм. Учир нь тухайн өдөр автобуснаас алдаа дутагдлууд ихээр илэрсэн байдаг.
2023.10.01
Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг болон БНСУ-ын “Zyle Motors” компанийн төлөөлөл мэдээлэл хийсэн. Энэ үеэр үйлдвэрлэлийн явцад алдаа гарсан байж болзошгүйг үйлдвэрлэгч нар дурдаад, монголчуудаас уучлал гуйсан юм.
2023.10.01
"Тэнүүн-Огоо" компанийн нийлүүлсэн 100 автобусыг хүлээн авах боломжгүй гэж НЗДТГ-аас мэдэгдэв. Эл мэдэгдэлд "Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт 14 жил парк шинэчлэл хийгээгүй. 2021 оны байдлаар үйлчилгээнд явж байсан 970 гаруй автобусны 532 нь ашиглалтын хугацаа дууссан, сүүлийн нэг жилийн хугацаанд 17 автобус шатсан зэрэг эрсдэлтэй нөхцөл байдал нь өдөр тутамд нийтийн тээврээр зорчиж байгаа 700,000 иргэний амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй байсан тул автобусны парк шинэчлэл хийх ажлыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар шуурхай зохион байгуулсан.
Улсын төсвөөс эрх шилжүүлсэн худалдан авах ажиллагаанд нийт долоон компани санал ирүүлснээс хамгийн хямд, багцын үнэ санал болгосон “Тэнүүн-Огоо” ХХК гүйцэтгэгчээр шалгарсан байдаг. Гүйцэтгэлийн гэрээний дагуу 2023 онд нийт шинэ 810 автобус нийлүүлэх, тухайн автобуснууд нь стандартын шаардлага хангасан байхыг тусгасан.
Одоогоор гэрээний дагуу 100 автобус Улаанбаатар хотод ирсэн бөгөөд эдгээр автобуснууд стандартын шаардлага хангахгүй, гэрээнд заасан нөхцөлийг зөрчиж байгаа тул хүлээн авах боломжгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Тиймээс тус автобуснуудыг буцааж, шаардлага нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлэхийг “Тэнүүн-Огоо” ХХК-аас шаардах болно. Мөн худалдан авах ажиллагаанд оролцсон албан тушаалтнуудыг шалгаж, буруутай үйлдэл байвал хариуцлага тооцохоо албан ёсоор мэдэгдэж байна" гэжээ.
2023.10.01
"Тэнүүн-Огоо" ХХК-ийн Ерөнхий захирал А.Ганхуяг тэргүүтэй захиалагч компанийн албан тушаалтнуудын гэр, оффист нэгжлэг хийж, саатуулав
2023.10.02
Хотын дарга Д.Сумъяабазар, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар нар Ерөнхий сайдад өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөв. Ингэснээр "ногоон автобус"-ны асуудлаар салбарын сайд нь Хотын даргатайгаа огцров. Мөн түүнчлэн энэ үеэс "ногоон автобус"-ны хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг.
2023.10.12
МАН-ын бүлэг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлсэн юм. Улмаар Хотын даргад нэр дэвшигчийг дэмжих томьёоллоор санал хурааж, НИТХ-ын төлөөлөгч нарын олонхын буюу 78.57 хувийн саналаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Х.Нямбаатарыг томилсон.
2023.10.25
Өмнөх алдаагаа давтахгүйн тулд Хотын даргаар томилогдсоныхоо дараахан Нийслэлийн Засаг даргын тамгын газраас дахин автобусны худалдан авалт хийв. Тендерийн нийт төсөвт өртөг 183 тэрбум төгрөг бөгөөд тухайн онд 137 тэрбум төгрөгөөр нь автобус худалдан авахаар болсон байна. Нийт 600 ширхэг их багтаамжийн автобусыг гурван ээлжээр худалдан авахаар тендерийн баримт бичигт дурджээ
2023.12.01
АТГ-аас "ногоон автобус"-ны мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Ж.Сүхбаатарыг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлж байв. Удалгүй буюу 12 дугаар сарын 1-нд прокуророос түүнийг албан ёсоор яллагдагчаар татсан.
2024.01.09
АТГ-ын шалгалтын явцад "ногоон автобус"-нуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийгдсэн гэдгийг зарлав. Тухайн үед эл хэрэгт 27 этгээд яллагдагчаар татагдсан. Үүнд УИХ-ын гишүүн 1, нийтийн албан тушаалтан 18, гадаад улсын иргэн 4, хувийн аж ахуйн нэгжийн 4 хүн татагдаж байсан. Мөн АТГ-аас шинжээчийн дүгнэлтээр автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийсэн болох нь тогтоогдсон талаар хэлсэн нь энэ юм.
2024.01.17
"Ногоон автобус"-ны асуудлаар Хянан шалгах Түр хороог байгуулав. Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаанаар нийслэлийн нийтийн тээвэр, газрын асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах чиглэл өгсөн юм. Ингэснээр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар "Ногоон автобус"-ны асуудлын талаар Хянан шалгах түр хороог байгуулах асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүдийн 66 хувь нь дэмжсэнээр хянан шалгах түр хороог байгуулах төслийг баталсан байдаг. Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ажиллаж байна.
2024.03.11
"Ногоон автобусны” гэх хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэв. Тодруулбал, одоогийн байдлаар "Ногоон автобус" худалдан авах ажиллагаатай холбоотой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг өнгөрсөн сарын 24-нд товлосон ч өмгөөлөгчдийн хүсэлтээр хойшлуулсан юм. Ингэхдээ нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зарласан хуралдаан яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу 2024 оны тавдугаар сарын 20-ны өдөр хүртэл хойшлоод байна.
Монголын улс төрд бас нэгэн сургамж болсон энэ хэргийн процесс цаашид хэрхэн өрнөхийг олон нийт анхааралтай гэгч нь ажиглаж байна...