Дуудлага худалдааг зохион байгуулагч Whisper Auctions компанийн зүгээс Парис хотоос 50 км орчим зайд орших гурван давхар “Château d’Armainvilliers” гэх шилтгээнийг зарахаар сонирхсон хүмүүсээс санал авч эхэлжээ. Уг шилтгээн нь нийт 100 өрөөтэй, гурван давхар, таван салон, 17 унтлагын өрөө, сүүлийн үеийн гал тогооны хэрэгсэлтэй, 50 морины багтаамжтай адууны жүчээтэй. Мөн хувийн авто машины зогсоол, ажилчдын байр, цэцэрлэгт хүрээлэн бүхий олон тохилог байгууламжтай аж. “Château d’Armainvilliers” шилтгээн нь 2500 метр квадрат талбайтай, 1000 га талбайг хамарна.
Уг шилтгээнийг сонирхсон хүмүүстэй хөшигний ард ярилцана гэдгээ дуудлага худалдааг зохион байгуулагч Whisper Auctions компанийн зүгээс мэдэгдсэн байна. Мөн “Бидний зардаг ихэнх үл хөдлөх хөрөнгө шивнэх буюу нууцын зэрэглэлтэй явагддаг" гэдгийг онцлоод "Одоогоор Зүүн Европоос нэг, Азиас гурав, Монголоос нэг хүн уг шилтгээнийг сонирхож байгаагаа илэрхийлсэн” гэжээ.
Шилтгээний үнэ 454 сая ам.доллар буюу энэ нь 1 их наяд 534 тэрбумыг хол давсан үнэ юм.
454 сая ам.доллар нь дэлхийн хамгийн өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгүүдэд тооцогдох аж.
Эх сурвалж: Mansion Global