Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Кристофер П.Этвуд: Хятадын “хос хэлний боловсрол“-ын тухай бид юуг мэдэх ёстой вэ?

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
38 минут 31 секунд

Монголч эрдэмтэн Кристофер П.Этвуд (Ph.D 1994, Индианагийн Их Сургууль) нь Пеннсильванийн Их Сургуулийн Зүүн Азийн хэл ба соёл иргэншлийн тэнхмийн профессор бөгөөд Монголын түүх, БНХАУ-ын Өвөр Азийн хил орчмын газруудын тухай заадаг. Тэрээр “Young Mongols and Vigilantes in Inner Mongolia’s Interregnum Decades” (2002) болон “Монгол ба Монголын эзэнт гүрний нэвтэрхий толь бичиг” (2004) номын зохиогч юм. Тэрээр өвөр монголчуудын эсэргүүцэж буй "Хос хэлний бодлого"-ын талаар бидний мэдэх ёстой асуултуудад ойлгомжтой, баримттай хариулсныг орчуулан хүргэж байна. 

Эхлэл: БНХАУ өнөөдөр (2020.08.30) нэг зуун жилийн туршилтынхаа 75 хувьд нь оржээ. Энэхүү туршилтанд нь өвөр монгол, уйгур, төвд, казах, солонгос гэсэн үндэстний цөөнхийн хэлний боловсролыг тусгасан болно. Үндэстний цөөнхийн хэлний боловсролыг "хос хэлний боловсрол" гэх шинэ загвараар сольж, хятад хэл нь сургалтын хэл, цөөнхийн хэл нь хамгийн ихдээ нэг цагийн хичээл болж байна. “Хос хэлээр сургах” энэхүү шинэ загвар нь ямар учиртай вэ? Яагаад Өвөр Монгол өдгөө эсэргүүцлийн голомт болоод байна вэ?



-ХОС ХЭЛНИЙ БОЛОВСРОЛ ГЭЖ ЯГ ЮУГ ХЭЛЭЭД БАЙНА ВЭ? -

- Өвөр Монгол дахь “хос хэлний боловсрол”-ын асуудал нь юу вэ?

- Энэ зун ӨМӨЗО-ны Боловсролын газраас Өвөр Монголын 9 жилийн ЕБС-ийн хичээлүүдэд өөрчлөлт оруулах болсноо зарлалаа. Үүний хүрээнд хэл, уран зохиол, ёс зүй ба хууль эрх зүй (улс төр), түүх зэрэг хичээлүүдийн сурах бичгийг өөрчлөхөөр төлөвлөсөн байна. Хамгийн гол өөрчлөлт нь эдгээр хичээлүүдийг хятад (мандарин) хэлээр заах болсон юм. Есдүгээр сарын нэгнээс эхлэн долдугаар ангид орсон сурагчид хэл, уран зохиолын хичээлийг Хятад хэлээр үзсэнээр энэхүү бодлого албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Ирэх жилээс ёс зүй ба хууль эрх зүй, түүний дараагийн жилээс түүхийн хичээлийг хятадаар заах юм. Өвөр Монголын олон сургуулиуд эдгээр хичээлүүдийг монгол хэлээр заадаг байсан хэдий ч энэ төлөвлөгөөний дагуу 2022 оноос эхлэн Өвөр Монголын бүх сурагчид төрийн эмхэтгэсэн сурах бичигт үндэслэн зөвхөн хятад хэл дээр сурах болж байна.

-Энэ бодлогын бодит үр нөлөө нь сургуулийн нэг өдөрт хэрхэн нөлөөлөх вэ? 

-Одоогийн байдлаар Өвөр Монголын сургуулиуд өдөрт 6-7 цагийн хичээлтэй байдаг ба ЕБС-ийн бүх хичээлүүд эхний хоёр жилд монгол хэл дээр байх бөгөөд хэл, уран зохиолын хичээлүүд МОНГОЛ ХЭЛЭНД суурилдаг. Гуравдугаар ангиас эхлэн өдөрт нэг цаг хятад хэл, 6-10 дугаар анги хүртэл гадаад хэл нэмж оруулдаг.

Тус шинэчлэлийн бодит үр нөлөө нь энэхүү гурван хичээлийг хятад хэл дээр тулгуурласан курс болгон өөрчлөхөд оршино. Монгол хэлний хичээлийг хэл ба уран зохиол (хятад хэл) -той зэрэгцүүлэн үргэлжлүүлэхээр амлалт өгсөн бөгөөд үлдсэн ангиуд математик, байгалийн ухаан, урлаг, хөгжим, биеийн тамирын хичээлийг монгол хэлээр үргэлжлүүлэн үзэх болно. Бодлогын баримт бичгүүдэд шинэ хичээлийг сургалтын төлөвлөгөөнд илүү их анхаарч заахыг төлөвлөж байна. Мөн хичээлийн цагийг нэмэгдүүлэхгүй гэсэн заалт байгаа аж. Ингэснээр Хятад хэл дээрх ангиудын хичээлийн цагийг нэмэгдүүлэх зорилгоор үндэсний цөөнхүүдийн ангийн хичээлийн цагийг багасгаж байна. Энэ нь монгол хэлээр заах хичээлүүдийн цагийг багасгахаас өөр аргагүй болж байгаа гэсэн үг юм.

Үүнээс гадна анхаарал татаж буй нэг асуудал бол одоо ажиллаж байгаа багшлах боловсон хүчний ажлын байрны аюулгүй байдал юм. Монгол хэлээр хичээл заадаг багш нар нэмэлт сургалтад хамрагдаж хятад хэлээр хичээлээ заах арга зүйд шилжихэд хүрээд байна. Энэхүү шилжилтийн ажилд туслахын тулд хятад хэлээр багшлах туршлагатай тэтгэвэрт гарсан багш нарыг оролцуулах шаардлагатай гэж бодож байна. Албан ёсны баримт бичигт багш нарын шилжилт нь тэдний ирээдүйд нөлөөлөхгүй, шаардлагатай бол давтан сургалтанд хамрагдах боломжийг олгож байгааг тусгасан байна.

Энэхүү бодлого үргэлжилсээр эдгээр сурагчид ирээдүйд их, дээд сургуульд орох болно. Одоогийн байдлаар Өвөр Монголын их, дээд сургуулиудад түүх болон бусад нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр монгол хэлний ангиуд хичээллэж байна. Эдгээр хичээлүүдийг дунд сургуульдаа монгол хэлээр заалгаагүй сурагчид оюутан болоод яах билээ? Цаашлаад түүх, ёс зүй ба хууль эрх зүй, хэл, уран зохиолыг монгол хэлээр заахаар бэлтгэгдсэн багш нарын ажилд орох боломж эрс буурч байгаа юм.

-Энэхүү бодлогыг хэрэгжүүлэх болсон үндэслэлээ юу гэж тайлбарлаж байна вэ?

-Албан ёсны үндэслэлээс харахад энэхүү өөрчлөлтийн гол зорилго нь “хэл бичиг ба уран зохиол”, “ёс суртахуун ба хууль эрх зүй”, “түүх” гэсэн эдгээр гурван ангид зориулсан үндэсний шинэ сурах бичиг гаргаж, хөтөлбөрийн стандартуудыг нэмэгдүүлэх зорилготойд оршиж байна. Энэхүү төрийн бодлогыг 2017 оноос шинжаан үндэстний сургуулиудад, 2018 оноос төвд үндэстний сургуулиудад аль хэдийн хэрэгжүүлж эхэлсэн байна. Төвд, уйгур хэлээр сурдаг сургуулиуд аль хэдийн устгагдсан байсан бөгөөд энэ нь эдгээр бүс нутгийн монгол, шибе сургуулиудад нөлөөлжээ.

Тус баримт бичигт БНХАУ-ын дарга Ши Жинпин нийтлэг хэлтэй байх нь харилцаа холбоонд эерэг нөлөөтэй, улс даяар нэг нэгэнтэйгээ харилцан ойлголцоход дөхөм болохыг онцлон дурдсан байна. Мөн үндэсний нийтлэг хэлийг эзэмшсэнээр “хөдөлмөрийн зах зээл, орчин үеийн урлаг, шинжлэх ухааны боловсрол эзэмших, нийгэмд дасан зохицох чиглэлээр илүү их амжилтанд хүрэх үндэс суурь болно” хэмээн тусгажээ.

Хариултгүй үлдсэн асуулт бол: Яагаад шинэ сурах бичгүүдийг монгол хэлнээ энгийнээр орчуулж болоогүй юм бэ? Хариулт нь: Чухамдаа өнөөдөр Өвөр Монголын монгол дунд сургуулийн сургуулиудад ёс суртахуун, улс төр, түүхийн чиглэлээр ашиглаж буй сургалтын хөтөлбөрийг хятад хэлнээс орчуулсан бөгөөд, Өвөр Монголын тодорхой агуулга огт багтаагүй болно. Хятадаас үл хамаарах цорын ганц хичээл нь монгол хэл, уран зохиол юм.

- “Хос хэлний боловсрол” үндэсний цөөнхийн хувьд сайн зүйл биш гэж үү?

- Олон оронд хэлний сургуульд өдөрт нэг цаг гадаад хэлээр хичээллэх нь олон соёлт боловсролын томоохон дэвшил гэж тооцогддог байв. Харин Өвөр Монголд энэ нь тухайн хэлний боловсролын статус эрс буурсныг илтгэнэ. Хятад дахь монгол дунд сургуулиудад өнөөдрийг хүртэл 12 дугаар анги хүртэлх бүх хичээл нь монгол хэл дээр, гуравдугаар ангиас эхлэн хятад хэл, гадаад хэлний хичээл нэмэлтээр ордог. Гол асуудал нь шинэ бодлогын дагуу монгол хэлээр заах хичээлүүдийг эрс тасалсанд оршино.

Одоо ч монгол хэлээр ярьдаг сургуулиуд гуравдугаар ангиасаа эхлэн хятад хэл заадаг тул “хос хэл” дээр суралцаж л байна. Тиймээс Хятадад зарим нь одоогийн хос хэлний боловсролын талаар, зарим нь шинэ хос хэлний боловсролын талаар ярьцгааж байна. Шинжаан, Төвдийн туршлагаас үзэхэд энэ бол бодитой айдас юм.

-“Хос хэлний боловсрол” -ын бодлогын хүрээнд монгол хэлээ хадгалж үлдэх боломж бий юу?

- Боломжтой эсэх талаар эргэлзэх шалтгаан бий.

  • Нэгдүгээрт, бүх хичээлээ монгол хэлээр судлаж байгаад гэнэт цөөн хэд рүү шилжих нь маш том эргэлт юм. Шинжаанд 2004 оноос эхлэн "хос хэлний боловсрол"-ыг хүчтэй сурталчлах бодлого хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2006 он гэхэд зарим хөдөө орон нутагт цэцэрлэгийн түвшинд хүртэл цэвэр Хятад хэлний боловсрол эзэмшиж байжээ.
  • Хоёрдугаарт, Өвөр Монгол дахь монгол дунд сургуулиудын талаарх олон тооны судалгаанаас үзэхэд тэнд ч гэсэн “далд сургалтын хөтөлбөр” нь хятад мэдлэг монгол мэдлэгээс илүү чухал гэж үздэг нь тодорхой байна. Энэхүү далд сургалтын хөтөлбөрийн үр дүнд монгол дунд сургуулийн хүүхдүүдэд ч гэсэн монгол хүүхдүүд рүү чиглэсэн сургалтын хөтөлбөрийг үл ашиглаж байгаа юм. Үндэсний хэмжээний гурван ангид онцгой ач холбогдол өгч байгаа нь тэднийг нэн чухал хичээл болгохыг харуулж байна.
  • Гуравдугаарт, энэ өөрчлөлт нь монгол дунд сургуулийн монгол хүүхдүүд аль ч сэдвээр эх хэлээрээ өөрийгөө илэрхийлэх чадварыг алдагдуулах болно. Монгол хүүхдүүдийг эх хэлээрээ унших, бичих, сонсох, ярихад сургах хичээлүүдээс улс төр, ёс зүй, түүхийг хасах нь хэлийг чанаргүйжүүлнэ. Зөвхөн гэр бүлийн харилцан ярианд ашиглах болж, олон нийтийн бичгийн болон аман хэрэглээнд ашиглаж чадахааргүй болно.

Хятадад хөгжлийн тухай яриа нь өргөн тархсан бөгөөд нийгмийн бүхий л талыг "хөгжсөн" эсвэл "хоцрогдсон" гэж ангилж болох бөгөөд бүх хөдөлгөөнийг "ухрах"-аас "хөгжих" чиглэлд чиглүүлж болно. Үндсэн хуулиндаа хятад иргэн бүр төрөлх хэлээ "хөгжүүлэх" эрхтэй. Монгол хэл нь хэл, улс төр, ёс суртахуун, түүхийн амин чухал сэдвүүдийн үүргийг гүйцэтгэх чадваргүй болсон гэсэн төвлөрсөн бодлого хэрэгжиж эхлэх үед Хятадын нөхцөл байдал тодорхой байна. Монгол хэлийг хүчээр үнэгүйдүүлж дараагаар нь түүнийг “хоцрогдсон бөгөөд түүнийг хөгжүүлэх боломжгүй” хэмээн буруушаах нь тэдний зорилго.

-Монгол хэлийг хориглож байгаа юм уу? Монгол бичгийг хориглож байгаа юм уу?

-Мэдээж үгүй. Өөрчлөлтийг хүчтэй эсэргүүцэгчид ч гэсэн Өвөр Монголын угсаатны монгол сургуулиудад монгол хэлийг хичээл болгон үргэлжлүүлэн заах болно гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ч шүүмжлэгчид энэ нь монгол эх хэлийг "гадаад хэл шиг" авч үзэж байна гэж үзэж байгаа. Түүнчлэн олон нийтийн газар, эсвэл хичээлийн бус цагаар сургууль дээр монгол хэлээр ярихыг хориглох заалт гараагүй байна. Монгол хэлээр мэдээлэл хүргэдэг телевиз, радиог хэвээр үлдээж байгаа юм.



-БОДЛОГЫН ҮНДЭС СУУРЬ-

-Ерөнхий бодлого нь хэр удаан хэрэгжиж бана вэ?

- Бодлогын баримт бичигт гурван хичээлийн үндэсний нэгдсэн хөтөлбөрийг 2017 оны 9 дүгээр сард анх нэвтрүүлсэн гэж дурдсан байдаг. Анх 2017 онд Шинжаан, дараа нь 2018 онд Төвдөд хэрэгжиж эхэлсэн. 2018 онд Шилийн голд хэрэгжүүлэхээр оролдсон ч хатуу эсэргүүцэл тэмцэлтэй тулгарч бүтэлгүйтсэнийг тайлангуудад тэмдэглэсэн байдаг. Энэ жил шинэ хөтөлбөрийг Өвөр Монгол, Ганьсу, Гирин, Ляонин, Чинхай, Сычуаний сургуулиудад нэвтрүүлж байгааг мэдэгдсэн. Эдгээр бүс нутгуудын Сичуань мужаас бусдад нь үндэстний цөөнхийн хэл нь төвд бөгөөд тэдгээр газрууд бүгд монгол хэлний боловсролтой Монголын автономит дүүрэгтэй байдаг. Гэсэн хэдий ч эдгээр таван нэгжид бодлогыг хэрэгжүүлэх болсонтой холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл дутагдалтай байна.

Өнгөрсөн зургадугаар сараас Өвөр Монголын өмнөд хэсэгт байрших, хамгийн олон монгол үндэстэн оршин суудаг Тунляо хотод энэ бодлого хэрэгжих тухай сонсогдох болжээ. Тодруулбал, Хятадын Боловсролын яамны Үндэстний боловсролын дэд хэлтсийн дарга Ге Вэйвэй хэлтсийн “судлаач” Чогбаярын хамт 6 сарын 4-нд Тунляод зочлохдоо нийтийн хэлээ буюу хятад хэлийг хэрэглэхийг нэмэгдүүлэх ёстой талаар дурджээ. Зургаадугаар сарын сүүлчээр Тунляо хотын багш нар гурван хичээлийн эхнийхийг нь (уран зохиол) хятад хэл дээр зааж эхлэх ёстой тухай мэдээлэл гарав. 

Долоодугаар сарын 6-ны Даваа гарагт энэхүү бодлогын эсрэг анхны өргөдөл WeChat дээр тархаж эхэлсэн бөгөөд энэ үед зөвхөн Тунляогийн тухай ярьж эхлэсэн. Наймдугаар сарын 17-нд энэхүү бодлогыг Өвөр Монголын бүх нутаг дэвсгэрт хэрэгжүүлэхээр болсныг Бүсийн Боловсролын газар хаалттай хуралдаанаар анх зарлаж, захиргааны бүх нэгжүүд наймдугаар сарын 18-наас эхлэн төлөвлөлтөө эхлүүлэхийг тушаав. Наймдугаар сарын 23-ны өдөр Өвөр Монголын “Хос хэлний боловсрол”-ийг шүүмжилсэн бичлэгүүдийг системтэйгээр олон нийтийн сүлжээнээс устгаж эхэлжээ.

-Энэ орон нутгийн бодлого уу, эсвэл Бээжингийн бодлого уу?

-Ге Вэйвэй шиг үндэсний түвшний боловсролын менежерүүдийн оролцоо болон сургалтын хөтөлбөрт анхаарлаа хандуулж буй байдал, тогтвортой хэрэгжүүлэх үйл явцаас энэ бодлого Бээжингээс улбаатайг харж болно. Үндэсний түвшний судлаачдын зарим нь Цогбаяр зэрэг угсаатны монголчууд бөгөөд хэрэгжилтийн нарийвчлалыг Хөх хотод боловсруулж байгаа боловч ерөнхий санаачилга нь төвөөс гарсан нь дамжиггүй.

-Энэ нь Шинжаан, Төвдийн асуудалтай холбоотой юу? Ши Жинпиний үзэл суртлын төвлөрлийн бодлоготой холбоотой юу?

-Хэл, ба уран зохиол, ёс суртахуун ба хууль эрх зүй, түүхийн хичээлийн хөтөлбөр, сурах бичгүүдийг шинэчлэн боловсруулж гаргах үндэсний түвшний бодлогын түлхэц нь Ши Жинпиний захиргааны үед Хятадын үндсэрхэг үзэл, үзэл суртлын өөрчлөлт хийх эргэлтийн нэг хэсэг болох нь дамжиггүй. Энэ үед Шинжаан, Төвдийн алслагдсан хэсэгт Хятадын дунд боловсролын системийг бүрэн хэрэгжүүлэхэд орон нутгийн нөхцөл байдал саад болсоор байсан ч Шинжаан, Төвд ,Уйгурын дунд боловсролыг аль хэдийн үндсээр нь  халж, монгол, солонгос зэрэг хэдхэн цөөнх хэлийг Хятадад зөвшөөрсөн. Энэхүү бодлогыг солонгосчууд олноор суурьшсан Жилинь, Ляонин зэрэг газарт хэрэгжүүлэх нь ахиад ихээхэн эсэргүүцлийг авчрах болов уу.

-Энэ нь Бээжин дэх улс төрийн академийн эрдэмтдийн дэвшүүлсэн “Хоёр дахь үеийн угсаатны бодлого” -той холбоотой юу?

- Тийм ээ. Сөрөг хүчний олон гишүүд энэхүү “Хоёр дахь үеийн угсаатны бодлого”-ыг нууцаар хэрэгжүүлж байгааг нотолж байна. “Хоёр дахь үеийн угсаатны бодлого” -ыг Хятад судлалын төвийн профессор Ху Анганг, Цинхуа Их Сургуулийн харьяа Сэтгэцийн төв, Нэгдсэн фронтын хэлтсийн албан тушаалтан Ху Лянхэ, Бээжингийн Их Сургуулийн профессор Ма Ронг, мөн антропологи судлалын хэсэг хүмүүс дэмжиж байна.

Эдгээр сэтгэгчид Хятадын үндсэн хуульд бичигдсэн, Зөвлөлтөөс санаа авсан цөөнхийн бодлогод алдаа байсан тул АНУ-ын жишгээр "улс төржөөгүй" цөөнхийн бодлогоор солих ёстой гэж үздэг. Уг үндэстний цөөнх нь хувь хүний ​​эрхтэй боловч нутаг дэвсгэрийн эрхгүй буюу автономит байдаг бөгөөд төрөөс боловсрол, соёлыг дэмждэг үйлчилгээ байхгүй. 

Иймд Хятад дахь автономит бүс, муж, хошууг ердийн нутаг дэвсгэрийн нэгж болгон өөрчлөх, цэвэр хятад хэлний боловсролд шилжих шаардлагатай болно. Ге Вэйвэй Тунляод айлчлахдаа эдгээр санааг сайшаан дурдсан хэрэг. Энэ оны тавдугаар сарын 21-ний нээлт нь хойшилсон “Хоёр хуралдаан”-ы үеэр Хятад дахь ардчиллыг дэмжих нийгэмлэгийн хууль ёсны дагуу хүлээн зөвшөөрөгдсөн 8 намын нэг болох Хятадын ардчиллыг дэмжих нийгэмлэгийн төлөөлөгчид “Хоёр дахь үеийн угсаатны бодлого”-ын зүйл заалтыг үндэслэн саналаа ирүүлжээ. Энэхүү санал нь Хятадад үүссэн шинэ нөхцөл байдал нь одоо мөрдөгдөж буй хуулийг “эдийн засаг, нийгмийн хөгжил, үндэстний хөгжлийн хэрэгцээг хангах чадваргүй болгосон” гэж үзэн “Үндэсний нийтлэг ярианы ба бичгийн хэлний тухай” шинэ хуулийг эрэлхийлэв. Тодруулбал, энэ нам Өвөр Монголын угсаатны боловсролын бодлого нь үндэсний нийтлэг хэлийг сурталчлах зарчимд нийцэхгүй байна гэж донгоджээ.

Хятадын ардчиллыг дэмжих нийгэмлэгийн гаргасан санал нь “хятад хэл” биш “үндэсний нийтлэг ярианы ба бичгийн хэл” гэх мэт өвөр монголчуудаас гаргасан шинэ саналтай ижил саналыг дэвшүүлж байна. Өвөр Монгол дахь шинэ бодлого нь угсаатны автономит байдлыг Зөвлөлтийн сурган хүмүүжүүлэх хоцрогдсон өв, Хятадын ядуу, хөдөөгийн Баруунжсан нутгийг хөгжүүлэхэд чиглэгдэж буй хандлага гэж үздэг. Хятадын баян, хөгжсөн бүс нутгийн олон хүмүүсийн бодолтой нийцэж байгаа нь тодорхой.     



-ШИНЭ БОДЛОГЫГ ЭСЭРГҮҮЦЭХ ЭСЭРГҮҮЦЭЛ БОЛОН ИРЭЭДҮЙН ХЭТИЙН ТӨЛӨВ-

- Энэхүү шинэ бодлогыг Өвөр Монголын тэмцэгчид хэрхэн хүлээж авч байна вэ?

- Өвөр монголчууд идэвхтэй гарын үсгээ цуглуулж эхэлжээ. Долоодугаар сарын 6-нд бодлогын талаар олон нийтэд зарласнаас хойш хоёр хоногийн дотор 4200 өргөдөл цуглуулсан байна. Хятадын зарим туршлагын дагуу өргөдөл гаргагчид хурууны хээгээ улаан бэхээр дарах болон иргэний үнэмлэхний дугаараа гарын үсгийн хамт олон өргөдөл өргөн барьж буй дүрс нь олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Өвөр Монголын монгол хэлний аялгууны стандартыг тогтоодог бүс нутаг болох Шилийн голд эсэргүүцэгчид хүчтэй байгаа тухай сонссон. Зарим сумын иргэд өргөдөлд 100 хувь гарын үсэг зурсан тухай видеогоо хуваалцсан байна. Олон нийтийн сүлжээгээр тараасан нэг өргөдөлд л гэхэд Шилийн гол дахь Хөх хошуунд монгол үндэстний бага сургуулийн 85 багш гарын үсгээ зурсан байх жишээтэй. Гарын үсэг зурахдаа тэд Өвөр Монголын хувьсгалаас өмнөх үеийн алдарт “дугуйлан” буюу дугуй хэлбэрт эсэргүүцлийн бичгийг дууриав. Бусад олон сургуулиуд үүнийг дагаж мөрдсөн байна. Мөн Өвөр Монголын хамгийн алдартай есөн хамтлаг олон нийтийн сүлжээнд шинэ бодлогыг эсэргүүцсэн өргөдлөө хуваалцжээ. 

Зургийн  тайлбар: Өвөр Монголын “Хангай” хэмээх рок хамтлагийн гарын үсэг бүхий өргөдөл. 

Өвөр Монголын засаг захиргааны 12 томоохон төв тус бүрт жагсаал цуглаан хийхийг уриалсан нэрээ үл мэдэгдэх ухуулах хуудсуудыг идэвхтэй тараасан байна. Түүнчлэн тэд 9 сарын 1-ний Мягмар гарагт хичээл эхлэх эхний өдрөөс эхлэн сурагч, багш нарын ажил хаялтыг дэмжжээ. Хөдөө орон нутгийн эцэг эхчүүд оюутнуудаа гэрт нь хүргэж өгөхөөр хотын сургуулиудын дотуур байрны гадна цугларч байгаа бичлэгийг хэдийн тархсан. Гаднаас тэдний нөхцөл байдлыг ойлгоход хэцүү ч оюутан багш нарын ажил хаялт уриалга өргөн хүрээг хамарч байх шиг байна. 

Өргөдөл гаргагчдын онцолсон гол зүйл бол монгол дунд боловсрол амжилттай байгаад зогсохгүй БНХАУ-д 70 жилийн турш оршин тогтнож ирсэн явдал юм. Иймд тэд Хятад улсын үндсэн хуулийн бүтцэд ямар нэгэн шинэ эрх, өөрчлөлт оруулахыг шаардалгүйгээр амжилттай хэрэгжүүлж буй бодлогоо хамгаалж буйгаа мэдэгдсэн. Өргөдөл гаргагчид шинэ бодлогыг БНХАУ-ын өөрийн хэлийг ашиглах, хөгжүүлэх үндсэн хуулиар олгогдсон эрхийн баталгаа, БНХАУ-ын Автономит хуулийг хоёуланг нь зөрчиж байна гэж буруутгажээ. Тэдний төлөвлөж буй жагсаалын уриа лоозон нь “улс төрийн бус” байх ёстой бөгөөд зөвхөн хуулиар баталгаажсан хэлний эрхийг хамгаалахад чиглэгдсэн байна. 

Түүнчлэн олон монголчууд энэхүү бодлогын эх сурвалж гэж тодорхойлсон “Хоёр дахь үеийн угсаатны бодлого”-ыг дэмжигчид Хятадын угсаатны бодлогын үндсэн хуулийн хүрээг үндсээр нь алдаатай, шинэчлэн засварлах шаардлагатай гэж үзэж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Тэр хэрээр БНХАУ-ын одоогийн үндсэн хуулинд суурилсан бие даасан бодлогын төлөө зогсож буй шинэ бодлогыг дэмжихгүй байгаагаа идэвхтэнүүд онцолсон нь зүгээр аман яриа төдий биш бодит баримт юм.

-Эрх баригчид ямар хариу өгсөн бэ?

- Өргөдөл, жагсаалын үйл ажиллагааны нээлттэй байдлаас харахад уг хөдөлгөөнийг хөшигний ард нэлээд монгол угсаатны боловсон хүчин, үндэстнийг дэмжиж ажилладаг хамт олон багагүй байгаа нь тодорхой. Бодлогын шинж чанараас хамаарч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хэлэлцүүлэг эхлүүлэхийг хориглосонгүй. Гэвч Бонн Их Сургуульд докторын зэрэг хамгаалсан нэрт түүхч, Өвөр Монголын Их Сургуулийн Монгол Судлалын төвийн тэргүүн Чимэддоржийг 9 минутын трэнд бичлэг хийснийх нь төлөө ажлаас халсан сургамж байдаг. 

Наймдугаар сарын 23-нд өвөрмонголчуудын сошиал сүлжээ “Bainu” програмыг хааж, “Хос хэлний боловсрол” -ын хэлэлцүүлгийг WeChat болон Хятадын бусад сайтаас хасав. Олон тооны цагдаагийн алба хаагчид өвөрмонголчуудыг тэмцэлд оролцохгүй байхыг уриалж, жагсаал болон ажил хаялтад оролцогчдыг ажлаас нь хална хэмээн сүрдүүлж байгаа талаар олон мэдээлэл байна. Наймдугаар сарын 28-нд Хөх хотын цагдаа нар өргөдөл цуглуулж буй олон нийтийн цуглааныг тарааж эхэлсэн. Маргааш нь төрийн өмчит хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Өвөр Монголын намын нарийн бичгийн дарга Ши Тайфэнгийн нэрэмжит өндөр албан тушаалтнуудад дараах таван зүйл өөрчлөгдөхгүй гэжээ.

  • Өвөр Монголын үндэстний бага, бага дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт өөрчлөлт орохгүй болно;
  • Сурах бичигт өөрчлөлт орохгүй;
  • Сургалтын хэл, бичгийг өөрчлөхгүй;
  • Монгол, Солонгос хэл дээр хичээл орох цагийн хуваарьт өөрчлөлт орохгүй;
  • Хос хэлний сургалтын одоогийн загварт өөрчлөлт орохгүй гэжээ. 

Энэхүү “Таван өөрчлөлт хийхгүй” (五个 slo) уриа нь албан ёсны баримт бичигт тусгагдсан нөхцлийг л дахин давтсан төдий. Илүү чухал нь намын бодлогыг шинэ бодлогын ард баттай халхалж байгаа явдал юм.

-Энэ нь Өвөр Монголын засгийн газар анх удаагаа бага болон дунд түвшний боловсролыг хязгаарлах, хасахыг оролдож байгаа явдал уу?

- Үгүй. 1990-ээд оноос эхлэн монгол дунд боловсролыг хязгаарлах оролдлогууд үе үе гарч эхэлсэн. Ийм саналыг 1993 онд дэвшүүлсэн боловч Өвөр Монголын олон үндэстний боловсон хүчний гарал үүслийн газар болох монгол хэлний боловсролын уламжлал хүчтэй байдаг Зүүн Өвөр Монголын боловсон хүчнийг дайчлан ялагдсан. 2018 онд Өвөр Монгол дахь боловсон хүчнийг дайчлах замаар дахин ялагдсан. Энэхүү стратегид монгол боловсон хүчний дэмжлэг маш чухал. Монголчууд ӨМӨЗО-ны хүн амын дөнгөж 17 хувь боловч боловсон хүчний гуравны нэгээс илүү хувийг эзэлдэг.

- Эсэргүүцлийг хэн удирдаж байна вэ? Тэд Өвөр Монголоос гадна байгаа юу?

- Одоогийн байдлаар эсэргүүцэл олон нийтийнх, манлайлагчын нэрийг мэдэх боломжгүй. Энэ хэмжээний эсэргүүцэл нь мэдэгдэхүйц манлайлалтай зохиогдох нь боломжгүй юм. Иймд сошиал медиа дахь бүх дэмжигчид өөрсдийгөө энгийн багш, сурагч, эцэг эх хэмээж байна. Энэхүү шинэ бодлого, түүнд үзүүлэх эсэргүүцлийн талаарх мэдээлэл эхнээсээ нийгэм, орон нутаг, ураг төрлийн сүлжээгээр дамжин тэлсэн. Эдгээр сүлжээнд Япон дахь монголчууд маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Саяхныг хүртэл түүхэн болон хэл шинжлэлийн шалтгаанаар Өвөр Монголын дунд түвшний сургуулиудад япон хэлийг хамгийн өргөнөөр заадаг байсан. Эдгээр сургуулиудад япон хэлийг англи хэлээр солих нь Өвөр Монголын боловсролыг илүү өргөн цар хүрээтэй үндэстэнтэй ойртуулах бас нэг Хятадын чиг хандлага юм.

Ян Хайинг зэрэг Өвөр Монголын хэд хэдэн эрдэмтэд Японд амжилттай карьераа босгож, энэхүү  хөдөлгөөний талаар өргөдөл, мэдээлэл түгээх гол хүмүүс болжээ. Гадаадад байгаа монголчууд Өвөр Монгол дахь эсэргүүцлийн тухай мэдээг илүү радикал үзэлтэйгээр багцалж, шинэ бодлогыг Хятадын урт хугацааны уусгах хөтөлбөрийн оргил үе гэж үзжээ. Иймд Өвөр Монголын хэтийн төлөв ямар түвшинд байгаа нь тодорхойгүй.

- Төвд, Шинжааны талаар их сонссон боловч Өвөр Монголын талаар төдийлөн мэдэхгүй. Эдгээр хэргүүд хэр төстэй вэ? Юугаараа ялгаатай вэ?

-Хятадад байгаа монголчуудыг уйгур, төвдүүдтэй харьцуулахад заримдаа “үлгэр жишээ цөөнх” гэсэн байр суурь эзэлж байсан. Монгол үндсэрхэг үзэл нь Өвөр Монголд удаан оршин тогтнож байсан бөгөөд 1920-иод оны дунд үеэс 1940-өөд оны хооронд илүү хүчтэй байсан нь өнөөг хүртэл далд хэлбэрээр байсаар ирсэн. Гэхдээ коммунистын эсрэг монголчуудын зэвсэгт эсэргүүцлийг 1952 он гэхэд дарж, тусгаар тогтносон Монгол руу дүрвэгсэд дүрвэх нь түгээмэл байв. 2008 онд Лхас хотод болсон үймээн самуун, 2009 оны Шаогуань линч, Өрөмчид болсон жагсаал зэрэг үндэстэн хоорондын мөргөлдөөн илт харагдаж байгаагүй. 

XIX зууны сүүл үеэс эхлэн монгол үндсэрхэг үзэл нь шашингүй шинжтэй байсан. Энэхүү шашингүй үзэл, Москва тэргүүтэй дэлхийн коммунист хөдөлгөөнд нийтлэг оролцдог бүс нутгийн зүүн хэсэгт суурилсан монгол үндсэрхэг хөдөлгөөнүүд Хятадын коммунист намтай хүчтэй эвсэх үндэс суурийг тавьсан. Энэ холбоо нь Соёлын хувьсгалын үеэр, монголчууд үндэстний харгис хэрцгий цэвэрлэгээнд нэрвэгдсэн 'Nei Ren Dang' (内人 党) хэрэг, монгол үндэстний нууц нам байсаар ирсэн гэсэн үндэслэлээр маш их хохирол амссан үед эвдэрч сүйдсэн. Нэг зохиолчийн хэлснээр Соёлын хувьсгалын дараа олон монголчууд “Сүү цагаан энэрэлийнхээ хариуд бид хар хараал авсан” гэж тухайн үед мэдэрсэн байна.

Эдгээр гомдлыг үл харгалзан монголчуудын үндсэрхэг үзлийг иргэний боловсрол, төрийн хяналтанд байлгаж санхүүжүүлдэг соёлын амьдралын салбарыг түлхүү анхаарч ирсэн нь боловсролтой монголчуудын нам-төртэй түншлэх харилцааг Төвд эсвэл Шинжаантай харьцуулбал харьцангуй уялдаатай болгожээ. Өвөр Монголын нийгэм, соёл нь хятадуудад "уншигдахуйц" хэвээр байгаа бөгөөд Уйгур, Түвдийн нийгэм, соёл нь "эртний мухар сүсэг" -ийн талаар шашингүй үзлээр дамжин харагддаг. 

Хятадын Үндсэн хуулийн хүрээнээс гадуур сэтгэдэг үндсэрхэг үзэлтнүүд Өвөр Монголд байдаг нь гарцаагүй. Гэхдээ монгол үндсэрхэг үзэлтнүүд илт радикал хандлагад автаж, Хятад улсын дарангуйлагч хүчнүүд Өвөр Монголд нотлох баримтаар Түвд, Шинжаантай харьцуулбал хамаагүй бага байгаа юм. 2011 онд нүүрсний уурхайн ачааны тэрэгний жолооч амь үрэгдсэнийг эсэргүүцсэн давалгааны үеэр хэлмэгдүүлэлтэд өртсөн нь ихэвчлэн Монголын соёл, боловсролын байгууллагууд байв. Илүү чухал зүйл бол уг системд дасан зохицсон хүмүүсийн дунд ч гэсэн Хятадын төрөөс урагшлах буюу корпорацийн ашиг сонирхлыг агуулсан монгол угсаатны үндэстнүүдийн нийгэмлэг хүчтэй байдаг. 

-Энэхүү шинэ бодлогыг яагаад одоо баталж, хэрэгжүүлэх гээд байна вэ?  Урт хугацааны шалтгаан бий юу?

- Удаан хугацаагаар нь авч үзвэл монгол-дунд сургуулийн боловсролын хөгжил уналтад орсон бөгөөд 1990 оноос хойш сургуулийн насны монгол хүүхдийн тоо хоёр дахин багассан. "Байгальд ээлтэй шилжин суурьшилт", түүнээс эрчимтэй үүдсэн хотжилт гэх мэт бодлогуудын нөлөөгөөр  орон нутгийн тусгаар байдал алдагдсан. Хувьсан өөрчлөгдөж буй хөдөлмөрийн зах зээл нь монгол дунд сургуулийн төгсөгчдийг ажилд ороход улам хүндрэлтэй болгож байна. Үүнтэй зэрэгцэн хятад үндэстний сэргэлт ба уйгар түвд зэрэг орны үндсэрхэг үзэлтнүүдийн хөдөлгөөнүүд хятадын газар нутгийн бодлогын ашиг сонирхолд нь аюул учруулж болзошгүй.  Шинэ "хоёрдугаар үеийн угсаатны бодлого"-ын хөдөлгөөн нь угсаатны ялгарлыг олон нийтэд нээлттэй илэрхийлэхийг тэвчих тэвчээр нь алдагдаж эхэлж байгааг харуулж байна. Энэ бүх хүчин зүйлс нь энэхүү бодлогын хэрэгжилтийг илүү бодож үзүүштэй болгочихлоо. Бодлого хэрэгжүүлэлтийн бичиг баримт нь хомсдолтой байгаа хятад хэлний багш нарыг шинэ болоод түр зуурын багш нараар хүч сэлбэн гүйцээх асуудлыг төлөвлөж байгаа гэдгийг санахад одоо ч гэсэн оройтоогүй байна. Монгол хэлний боловсрол тамирдсан байж болох ч арай устаж үгүй болчихоогүй байгаа. 

Сибирийн буриадуудыг монголчуудтай харьцуулж болно. Оросын хувьсгалын дараагаар буриад монголчууд Оросын комунист засгийн газрын тусламжтай буриад хэлтэй дунд сургуулийн системийг бий болгосон. Энэ тогтолцоо яг үнэндээ Өвөр Монголд 1940-өөд оноос хойш баримталж ирсэн системийн нэг загвар нь байсан бөгөөд Сталины их цэвэрлэгээ болон Хрушчевийн засгийн үеийг хүртэл даван туулсан байдаг. Гэвч 1960-аад оны дунд үеээс буриад ангиуд аажмаар цөөрч,  1970-аад оны дунд үед бүр мөсөн үгүй болж буриад хэл нь ердөө нэг хичээлийн сэдэв болон телевиз радиогийн их биеийн бүтэц болон хувирчээ. Хэдийгээр зах зээлийн эдийн засаг зөвлөлт холбоот улсын жишээн дээр байхгүй байсан ч урт хугацааны маш олон бодлого, хүчин зүйлүүд эдгээр өөрчлөлтүүдийг Өвөр Монголд болж буй хотжилт, хөдөлмөрийн зах зээлийн төрөлжилт гэх мэт үйл явдлуудтай адилтгаж байгаа юм. Үр дүн нь буриад хэлийг устгасан бөгөөд одоо буриад хэлийг зөвхөн хөдөө л хэрэглэдэг "гал тогооны хэл" болж олон нийтийн газар хааяахан, хотын буриадууд бол бүр гэр дотроо ч эх хэлээрээ ярьдаггүй болжээ.

- Үүнд богино хугацааны тодорхой шалтгаанууд бий юу? 

- Өмнө нь амжилттай болсон эсэргүүцлийн хөдөлгөөнүүдээс 1993 ба 2018 онуудынх магадгүй өнөөдрийн жишиг загвар болж байна. Тэр үед өөрчлөлтийг хүссэн шахалт сул, нийтийн жагсаал цуглаан ч бага тархсан байлаа. 2011 онд уул уурхайн нэгэн компанид нутгийн бэлчээрийг эзэмшүүлсний эсрэг орон нутгийн жагсаал цуглааны үеэр нэг малчин тухайн компанийн нэгэн ачааны машины жолоочид хөнөөлгөсний улмаас ардчиллын давалгаа Өвөр Монголд өрнөсөн. Үр дүн нь шинэ байгаль орчны журам гарсан. Орон нутгийн намын даргыг нь ажлаас нь халж ачааны машины жолоочид хариуцлага тооцжээ.

Гэхдээ энэ хөдөлгөөний хамгийн сайн жишиг бол 1981–82 оны хооронд зохиогдсон оюутны томоохон жагсаал бөгөөд үүнд Өвөр Монголоос ирсэн монгол оюутнууд мал аж ахуй эрхлэхээс илүү газар тариалан эрхлэхийг урьтал болгож, Өвөр Монгол руу хан үндэстнүүд шилжих хөдөлгөөнийг засгийн газар ивээн тэтгэж байгааг эсэргүүцсэн.  Эдгээр жагсаал цуглаан мал аж ахуйг эрэмбэлэх бодлогыг өөрчилж, жагсаалын удирдагчдад өршөөл үзүүлснээр дуусгавар болсон.  Энэ бол одоогийн эсэргүүцлийн хамгийн бодит эерэг үр дүн юм.

Харамсалтай нь бодит бодлогын хэрэгжилт нь бүс нутгийн түвшинд, төв байгууллагуудын шууд оролцоогүйгээр хэрэгжиж байгаа боловч бодлогыг зарласан мэдээний нэвтрүүлэгт төвөөс үзүүлэх дэмжлэгийг тодорхой дурдсан болно.  Ийнхүү автономит бүс нутгийн удирдлага алдаатай бодлогын уналтад орж, ухрах магадлал багатай юм. Мөн цар тахлын улмаас олон улсын иргэд хоорондын харилцаа тасрах, Хятад улс гадаад ертөнцтэй харилцах хямралыг мэдрэх, Шинжаан, Төвдэд иргэдийг тасралтгүй хэлмэгдүүлж байгаа нь олон нийтийг төвөгтэй болгож байна. Хятадын засгийн газар 9 сарын 1-нд  жагсаал цуглааныг дуусгавар болгож, сонгогдсон цөөн хэдэн толгойлогчдыг шийтгэж, үлдсэн хэсгийг засгийн газартай хүчээр эвлэрүүлсэн. 

Бүх зүйл эцэстээ хөрсөнд бууж ирсэн ч цаашид ямар нэг өөрчлөлт оруулахгүй гэж батлан ​​хэлэх шаардлагатай байгаа нь тэмцэл тасралтгүй үргэлжилж байж л монгол дунд чиглэлийн сургалтын уналтыг удаашруулж чадна гэдгийг харуулж байна.

Есдүгээр сарын 1-нд жагсаал хийх уриалгад “Сөрөг хүчин олон хоног үргэлжлэх шаардлагатай болох тул сэтгэл санааны хувьд бэлтгэлтэй байгаарай” гэж анхааруулж байна. Хэрэв томоохон жагсаал цуглаан эсвэл оюутны, багш нарын ажил хаялт гарч ирвэл нийгмийн эсрэг нээлттэй эсэргүүцэл  хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон өргөдлөөр эрх мэдэлтнүүд томоохон хэлмэгдүүлэлтийг сонговол олон тооны зорилтот байр суурийг эзэлнэ.  Хэрэв ажил хаялт олны анхаарлыг татаж, эрх баригчид ажил хаяж буй монгол багш, ажилчдыг халах аюул заналхийллийг дагаж мөрдвөл эрх баригчид Өвөр Монголын сургуулиудыг нэг цохилтоор өөрчлөх шаардлага, боломж гарч ирнэ.  Богино хугацаанд ийм хариу арга хэмжээ авах боломжтой байж болох ч энэ нь угсаатны монголчууд, ялангуяа боловсролтой элитүүдийн Хятадын төртэй харилцах харилцаанд үндсээрээ өөрчлөгдөж буйг илтгэнэ.



Орчуулсан: "Улаанбаатар ньюс" мэдээний редакц







 

АН-ын фракцууд нууц уулзалт хийж Х.Баттулгын эсрэг нэгдэхээр болжээ
АН-ын фракцууд нууц уулзалт хийж Х.Баттулгын эсрэг нэгдэхээр болжээ
 
Хүний эрх, эрх чөлөө, авлигатай тэмцэх багц хуулиудын төслийн явцыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа
Хүний эрх, эрх чөлөө, авлигатай тэмцэх багц хуулиудын төслийн явцыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.